Цэс

Холбоо барих

ЭЗБХ: "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.30) хуралдаан 15 цаг 35 минутад ирц бүрдсэнээр эхэлж, "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.


    Засгийн газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжин шийдвэрлэсэн бол  Улсын Их Хурлын чуулганы 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар мөн тус тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжсэн юм.


    Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг  Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар гаргаж, анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ.


    Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор“Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл