Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх ардчилал, онлайн парламент, сонгуулийн шинэчлэлийн асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал боллоо


АНУ-ын Стэнфордын их  сургууль, МУИС-ийн хамтран зохион байгуулсан  "Ази болон Монгол Улс дахь ардчиллын сорилт: Зөвлөлдөх ардчилал, онлайн парламент, сонгуулийн шинэчлэлээр дамжуулан инноваци хийх нь” сэдэвт олон улсын хурал хоёр өдөр үргэлжилж өнөөдөр /2021.01.29/  өндөрлөв. Уг хуралд  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцлоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар хурлын эхний өдрийн хуралдааныг нээж үг хэлэхдээ “Монгол Улс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын механизмыг ашигласан нь орчин үеийн улс орнуудын дунд анхны тохиолдлын нэг болох юм. Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Зөвлөлдөх санал асуулгыг үр дүнтэй хэрэгсэл болгон ашигласан нь бусад улс орнуудад жишээ, туршлага болно" хэмээн тэмдэглэв. Мөн цар тахлын үед Монгол Улс парламентынхаа дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг түргэн шуурхай оруулсан анхны улсуудын нэг бөгөөд парламент бүрэн цахим ба хагас цахим хэлбэрээр ажиллаж байна. Энэ нь гурван чиглэлийн ач холбогдолтой юм.

Нэгдүгээрт, сонгогчдыг төлөөлдгийн хувьд УИХ-ын гишүүд хөл хорио, хязгаарлалт тогтоосон үед ч ард түмэндээ үйлчлэх үүргээ биелүүлж чадаж байна

Хоёрдугаарт, хууль тогтоох эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж, парламентын тасралтгүй үйл ажиллагааг хангасан 

Гуравдугаарт, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг зөрчсөн тохиолдолд парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадвартай гэдгийг харуулсан гэв.

Түүнчлэн Монгол Улс парламентын шинэчлэлийн хүрээнд цахим парламент болох зорилго тавьж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх шатанд иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачдыг оролцуулах  цахим системийг ашиглаж эхэлснийг байгааг онцоллоо. 


УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хоёр дахь өдрийн хуралдааныг нээж үг хэлэхдээ улс төрийн намын шинэчлэлийн асуудлыг онцлов. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөж буй авторитар хандлага, популизмын сэргэлт дэлхий дахины ардчиллын үйл явц болон улс төрийн намуудад ихээхэн сорилт учруулж буй нөхцөлд 2019 оны 11-р сард Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлж чадсан нь Монгол дахь ардчилсан дэглэмийн бэхжилтэд урт хугацааны эерэг үр дүн авчирч байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу батлагдах хуулиудын нэг нь Улс төрийн намын тухай хууль юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн нам улс орны хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, санхүүжилтийн эх үүсвэр нь нээлттэй, ил тод байх чухал заалтуудыг тусгасан. Энэхүү үзэл баримтлалын дагуу Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудыг шинэчлэн баталж улс төрийн намын шинэчлэлийг хийж чадвал Монголын ардчиллын бэхжилтэд томоохон хувь нэмэр оруулах болно” гэдгийг дурдлаа.


Тус хуралд АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд, Жеймс Фишкен, Канадын Бритиш Колумбын их сургуулийн профессор Жулиан Дикерс нарын ардчилсан үйл явц, зөвлөлдөх ардчиллын чиглэлээр ажилладаг нэртэй эрдэмтэд болон Их Британи, ХБНГУ, Япон, БНСУ, Монголын эрдэмтэн судлаачид оролцож ардчилал, улс төрийн нам, сонгуулийн үйл явцын талаар илтгэл хэлэлцүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл