Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгож баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11.07 цагт 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.


МАН-ын Удирдах зөвлөл хуралдан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн хэмээн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан.

Улсын Их Хурлын даргад нэр дэвшигч Гомбожавын Занданшатар ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн байна. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.

Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш,  1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.

2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллажээ.

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна хэмээн МАН-ын бүлгийн дарга танилцуулсан.


Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.02.01/ хуралдан Улсын Их Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг санал нэгтэй дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал, төрийн тогтолцоонд бий болоод буй гажуудлын талаар байр сууриа илэрхийлж, баялгийн тэгш хуваарилалтийг хийх, олон нийтийн анхаарлын төвд буй асуудлуудыг шийдвэрлэх, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээхийн тулд хэрхэн ажиллах талаар нэр дэвшигчээс асууж тодруулсан.

Нэр дэвшигч Г.Занданшатар шударга ёс дээр суурилсан шийдэл парламентын шинэчлэлийн гол зорилго байх ёстой хэмээн онцлоод ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана гэдгээ илэрхийлсэн.


Тэрбээр, Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээр төлөөлүүлж эдлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч байх нь Үндсэн хуулийн суурь зарчим мөн.

Ийм учраас та бид нийгмийн шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Ард түмний хүсэмжлэлд хариу өгч гурван асуудалд онцгой анхаарч ажиллана хэмээсэн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжин, Улсын Их Хурлын даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.


Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв.




Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж төрд итгэх итгэл, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ.

Улс төрийн эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс, эв санааны нэгдэл юм.


Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцрэх ёстой нь тод томруун харагдаж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэх болно гэлээ.


Улсын Их Хурал нь Үндсэн хуулиа, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвалтгүй биелүүлж дагаж мөрдөх ёстой. Цаашид Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна Улсын Их Хурлын хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож ажиллана. Шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянаж шалгах түр хороодыг байгуулж, санаачлагыг дэмжиж, хүчээ нэгтгэж ажиллана. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ хэмээн онцолсон.

Мөн эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдлүүд, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчилдаг явдалтай хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг Улсын Их Хурлын нийт гишүүдэд сануулаад, дээр дооргүй, хууль дээдлэх ёс, хуулийн засаглал, ёс зүйг чанд баримталж ажиллахыг уриалсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл