Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

2021.01.29                                                                                                                                                                  Улаанбаатар хот


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

           

Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулган хэлэлцэхээр товлосон үндсэн асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, өндөрлөж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ.

Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн нэгдсэн чуулган 82 хоног хуралдлаа. Намрын чуулганаар нийт 87 хууль, УИХ-ын 45 тогтоол хэлэлцэж баталсан байна.

Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнд нийцүүлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохион байгуулагдсан анхны чуулган байснаараа онцлог юм. Мөн коронавирусийн цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой үед үйл ажиллагаа явууллаа.

Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, цахим технологи ашиглан хуралдсан. Ингэснээр дэлхийн парламентуудын түүхэнд төдийгүй олон улсын хэмжээнд анхдагч парламент болсон.

Онцгой байдлын үед зайлшгүй шаардлагатай, чухал хууль, шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад идэвхтэй, ажил хэрэгч оролцож, өндөр зохион байгуулалттай, ачаалал ихтэй ажилласан УИХ-ын нийт гишүүд, Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Эрхэм гишүүд ээ,

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсан. Энэ хүрээнд баталсан зарим хууль тогтоомжийн талаар тэмдэглэж хэлье.

 НЭГДҮГЭЭРТ, “Бага Үндсэн хууль” гэж үздэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа. Ингэснээр Засаг захиргааны шинэчлэл хийх эхлэл тавигдсан.

            Хуулийг нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүллээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх, хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрх мэдлийг тогтоож өгсөн. Үүнтэй уялдаж, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг ажиллахгүй байхаар тусгасан.

           Үүний үр дүнд намын гишүүнчлэл биш, сэтгэл зүтгэл, боловсрол мэдлэг, туршлага чадвар гол шалгуур болно, төрийн үйлчилгээ иргэддээ алагчлалгүй, тэгш, шударга хүрэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

          ХОЁРДУГААРТ, хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

            Иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, эрүүдэн шүүлтээс ангид байх, шүүхэд зөвхөн хууль, ёс зүй ноёрхдог тогтолцоо бүрдүүлэх зорилго нэг шатаар урагшиллаа. Шүүх болон шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангахыг бид эрмэлзсэн.

            Шүүгчийн томилгоонд хөндлөнгийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, мерит зарчмыг үндсэн шалгуур болгох зарчим тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр заасан. Нийтийн сонсголоор ард түмнийхээ нүдэн дээр ил тод, ард түмэнтэйгээ хамт шүүгчдийг сонгон шалгаруулах боломжийг бүрдүүлсэн.

Шинэ хууль мөрдөгдсөн цагаас эхлэн Монгол Улсад “хонгилын” гэж нэрлэгддэг сүүдрийн дэглэм нуран унаж, хуулийн засаглал, шударга шүүхийн тогтолцоо бэхжих ёстой. Тиймээс хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэрлэж, ёс зүйг эрхэмлэж ажиллахыг нийт шүүгчдэдээ уриалъя.

Ингэж чадвал “Хууль нь ярьдаггүй шүүгч, шүүгч нь ярьдаг хууль” байх сонгодог зарчим хэрэгжинэ.

ГУРАВДУГААРТ, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталсан. Үүгээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжих юм.

Бид “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг мөн баталсан. Энэ хөтөлбөр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Таван жилийн үндсэн чиглэл”-д суурилж байгаа.

ДӨРӨВДҮГЭЭРТ, Монгол Улсад анх удаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилсон. Мөн Авлигатай тэмцэх газрын удирдлагыг иргэдийн оролцоотой, нээлттэй сонсгол хийж томилох эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ.

Нэр цэвэр, шударга, мэргэжлийн, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн алба хаагч л хүний эрхийн төлөө, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэж чадна гэж бид үзэж байна. 

ТАВДУГААРТ, Ил тод, нээлттэй, ард түмний засаглах эрхийг хангасан, хариуцлагатай, ёс зүйтэй, цахим парламент байх шинэчлэлийн зорилтдоо нэг  шинэ алхам хийлээ. Энэ бол lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим систем юм.

Ингэснээр ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хамтарч хууль боловсруулдаг ардчиллын суурь зарчим хэрэгжинэ. Ард түмэнтэйгээ хамтран хууль тогтоодог, шинжлэх ухааны нотолгоо, судалгаанд тулгуурлан шийдвэр гаргадаг байх нь шинэчлэлийн нэг үндсэн зорилт юм. Цаашид энэхүү цахим системийг ашиглан иргэд, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүстэй хамтарч хууль тогтоомжуудын төслийг боловсруулж, хэлэлцэж, батлах болно.

Цахим системийг өргөн ашиглаж, хуулийн төсөлд санал, дүгнэлтээ ирүүлэхийг нийт иргэд, эрдэмтэн судлаачдаасаа хүсье. Цахим системд хаврын чуулганаар хэлэлцэх олон хуулийн төслийг байршуулсан байгаа.


Эрхэм гишүүд, нийт ард иргэд ээ,

COVID-19-ийн цар тахал бидэнд амаргүй сорилт, бурхшээл учруулж байна. Цар тахлын сөрөг нөлөө иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, улсын эдийн засаг, улс хоорондын харилцаанд хүртэл нөлөөлж байна. Ийм нөхцөлд эвийг эрхэмлэх, хүчээ нэгтгэх нь юу юуунаас чухал юм. Ард түмэн маань үүнийг ойлгож, эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Төр, засаг ч иргэдээ, эдийн засгаа халдварт цар тахлаас хамгаалахын төлөө чармайн ажиллаж байна.

Улсын Их Хурал коронавирусийн цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг 6 сараар сунгасан. Өнөөдөр энэ хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг шинээр нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа.

Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон татвар төлөгчдийг алданги, торгуулиас, зарим бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хуулиуд баталж, хүүхдүүддээ сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон. Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авлаа. Үр дүнд нь банкны зээлийн хүү буурсан. Банкны бодлогын хүү, ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна. Зээлийн хүүг энэ ондоо багтааж 1 оронтой тоонд хүргэхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүдийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өрчлөлт оруулах хууль батлагдлаа. Ингэснээр банкны реформ эхэлж байна. Энэ хууль эдийн засагт томоохон шинэчлэл авчирна гэдэгт итгэж байна.

Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тогтворжуулах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад тэтгэмж олгох, гадаадад буй иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хангах, дэмжлэг үзүүлэх, оюутан сурагчдын төлбөрийг хөнгөлөх зэрэг цогц арга хэмжээг багтаасан хуул төслийг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Цаашид макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүү багатай зээл олгох, иргэдийн амьжиргааг эрсдэлээс сэргийлэх зэрэг арга хэмжээг үргэлжүүлэн авах хэрэгтэй гэж Улсын Их Хурал, Засгийн газар үзэж байгаа. Тиймээс санал дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах гурван ажлын хэсгийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж идэвхтэй, шуурхай ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.

 

Засгийн газрын эрхэм гишүүд ээ,

Та бүхний анхаарлыг дараах асуудалд хандуулахыг хүсэж байна.

НЭГДҮГЭЭРТ, Хэдхэн цагийн өмнө шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдлаа.

Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн өмнөх Засгийн газар иргэнээ дээдэлдэг төр байх, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтээ эзэн болох, хэрвээ алдаа дутагдал гарвал ёс зүйн хариуцлага хүлээж чаддаг байхын үлгэр дуурайлыг харуулсан гэж бодож байна.

Энэ жишиг төрийн бүх шатанд, төрийн албан хаагч бүрд ягштал мөрддөг жишиг болох ёстой. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатайг сануулж хэлье.

Нөгөө талаар цаг зуурын ашиг хонжоо эрэлхийлэх, хууль зөрчиж улстөржих, ард түмнийхээ эв нэгдлийг хагалан бутаргах аливаа үйлдлээс ангижрах цаг болсныг дохиолсон сануулга болсон.

Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын эхлүүлсэн, шударга ёсны төлөөх тэмцэл, зоримог шийдлүүдийг үргэлжлүүлж, үр дүнд хүргэж ажиллана гэдэгт итгэж байна.

ХОЁРДУГААРТ, цар тахлын аюул, эрсдэл зөвхөн Улаанбаатарыг биш, улс орныг нийтэд нь түгшээж байна.

Халдварын эсрэг вакциныг хугацаа алдалгүй авчирч, вакцинжуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн УОК-ын үйл ажиллагаанд үр дүнтэй, гарцаагүй зөв шийдвэрийг цаг алдалгүй авах чадавхийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.

Халдварын голомт, эрсдэлт нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа хамгаалах, дэмжих нь чухал. Үүний нөгөө талд хариуцлага, ёс зүйгээ сахиж, хүний эрхийг зөрчихгүй ажиллахад анхаармаар байна.

            ГУРАВДУГААРТ, цөөнгүй аймаг, сумын малчид цас зудын хүнд нөхцөлд аж төрж байна.

            Үндсэн хуульд “мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Тиймээс мал сүргээ зудаас хамгаалах, малчдадаа туслах чиглэлээр авч буй арга хэмжээгээ эрчимжүүлэх шаардлагатай байгааг сануулж хэлье.

            Сүүлийн жилүүдэд малын тоо толгой зохицуулалтгүй өсөж, сүргийн бүтэц алдагдаж, бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт идэвхжсэн. Ган гачиг, зуд турхан нэг аймгийг биш, бүс нутгийг хамрах болсон. Эдгээр асуудлыг эдийн засгийн аргаар зохицуулах үүднээс малын тоо толгойд албан татвар ногдуулах тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Гэхдээ цагийн байдалтай уялдуулан долдугаар сарын 1 хүртэл энэ татварыг авахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн.

            Цаашид хөдөө аж ахуйд томоохон шинэчлэл өөрчлөлт хийх цаг болсныг нөхцөл байдал харуулж байна.

ДӨРӨВДҮГЭЭРТ, Улсын Их Хурлын намрын чуулган Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ 2021 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 8.7 их наяд, төсвийн зарлагыг 10.7 их наяд байхаар тооцсон. Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум, Ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг өнгөрсөн оныхоос 42.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.

Товчхон хэлбэл нэлээд өөдрөг төсөв баталсан билээ. Тиймээс төсвийн зарлагыг хэмнэх, зайлшгүй зардлын үр ашгийг сайжруулах, төсвийн сахилгыг хатуу сахих зарчмыг хэрэгжүүлэх нь чухал юм.

ТАВДУГААРТ, Оюутолгой, оффшор бүстэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэж үзэж Улсын Их Хурал 92 дугаар тогтоолыг баталсан. Гишүүд маань энэ талаар байнга ярьж, санал, санаачилга гаргаж байна. Түүнчлэн Засгийн газар, тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар идэвхтэй ажиллаж, Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулахад онцгой анхаарч байгаа.

Өөрөөр хэлбэл ард түмэн, төр засгийн байр суурь нэг байна. Тиймээс одоо хүлээж суулгүй, асуудалд шуурхай хандах, ингэхдээ дотоодоо харилцан ойлголцож, эв эеэ хичээж ажиллах цаг болсныг анхааруулъя.

Монгол орны байгалийн баялгийн үр өгөөж улсаа хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд зориулагдаж, тэгш шударга хуваарилагдах ёстой гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал хэрэгжих ёстой. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Улсын Их Хурал нэмэлт, өөрчлөлт оруулсан. Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт тодорхой туссан байгаа. Тиймээс хэрвээ хууль зөрчсөн үйлдэл, хөрөнгө мөнгө байгаа бол хуулийн дагуу асуудлыг шуурхай шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. 

 

Эрхэм гишүүд ээ, нийт ард иргэд ээ,

Та бид хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээсэн удамт дээдсийн үр сад билээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна.

Уудам дэлгэр газар нутагтай, газрын баялгаараа дэлхийн 10 баян орны нэг нь манайх. Хүн амын 59 хувь нь 30-аас доош насны, залуу ард түмэн. Иргэд нь ухаалаг, авьяаслаг, идэвх эрмэлзэлтэй.

Гэтэл ДНБ-ий хэмжээ ердөө 13.0 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 4300 орчим ам.доллар байна. Үйлдвэрлэл олигтой хөгжсөнгүй, ядуурал буурсангүй. Шударга ёс, тэгш эрх алдагдаж байгаа тухай олон жил ярилаа. Хөгжлөөрөө бусдаас хоцорч, өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж явна. Ийм байдлаас гарахын тулд Эрх зүйн хувьсгал хийх ёстой гэж бид үзсэн. Энэ зорилгоо хэрэгжүүлэх үндэс суурийг Үндсэн хуульд оруулсан, нэмэлт өөрчлөлтөөр тавьсан.

Гэхдээ Хувьсгал дөнгөж эхэлж байна. Товчхон хэлбэл бидэнд хийх ажил их байна. Улсын Их Хурлын хаврын чуулганаар л гэхэд нэн чухал 100 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой.

Хууль тогтоомжийн төслийн боловсруулалт чанаргүй, шинжлэх ухааны үндэслэл, тооцоонд суурилаагүй, амьдралтай нийцэхгүй, хууль тогтоомжтой зөрчилдсөн, тэр ч байтугай мөрдөгдөж буй хуулийн зүйл, заалтыг дордуулдаг хариуцлагагүй байдал арилахгүй байгааг энэ дашрамд тэмдэглэж хэлье. Намрын чуулганы хугацаанд л гэхэд хууль санаачлагчид 6 хуулийн төсөл буцжээ.

Тиймээс хууль санаачлах эрх бүхий субъектүүд төслийн боловсруулалтын чанарт онцгой анхаарч, lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn-ийг ашиглаж, ард иргэд, эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажиллахад онцгой анхаарах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.

Сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэж, хөгжин дэвшсэн, ард түмэн нь амар амгалан шинэ Монголын төлөө хамтран зүтгэцгээе.

Шинэ Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжиж, Монгол Улсдаа өөрчлөлт, шинэчлэлт хийхийн төлөө хамтран хичээцгээе.

Монгол Улс маань мандан бадраг.

 

Улсын Их Хурлын намрын чуулган хаасныг мэдэгдье. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл