УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор байгуулсан юм.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, С.Чинзориг нарын гишүүд орж ажилласөн бөгөөд Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг таван удаа, Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна.
Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй саналын томьёоллыг бэлтгэн ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Тэрбээр Ажлын хэсгийн хуралдаанаар олонхын саналаар дэмжигдсэн саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсэг хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, төслийн гуравдугаар зүйлийг шинэчлэн томьёолсон байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар, тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, хүсэлт гаргагчаас зөвхөн уг шаардлагад нийцсэн баримт бичгийг шаардах, үүнтэй холбоотойгоор урьдчлан зөвшөөрөл олгох процессыг хасах, тусгай зөвшөөрлийг зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадавхтай байлгах зорилгоор хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь “100 сая” байсныг “300 сая” болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.
Мөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор зохицуулалт нэмсэн бөгөөд энэ зохицуулалт нь тусгай зөвшөөрөл бүхий зуучлалын үйл ажиллагаанд хамаарч, иргэн хувийн журмаар гадаадад зорчих, цагаачлах, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг хөндөхгүй юм байна.
Хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгосонтой холбоотойгоор гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна.
Түүнчлэн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулахаар, гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотойгоор боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллах эрдэм шинжилгээний ажилтан, багш, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, эмч, эрдэм шинжилгээний ажилтныг авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр, цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тус тус тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан Ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.