Цэс

Холбоо барих

Инфографик: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


    Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх зорилгоор төсөвт тодотгол хийлээ. 

    Тэтгэвэр нэмэхэд шаардлагатай 637.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зарим хэсгийг Нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогоос зарцуулахаар Засгийн газраас тооцож төслийг өргөн мэдүүлсэн. 

  Төсвөөс санхүүжилт хийгдэх бүх төрлийн санхүүжилт төсөвт зайлшгүй тусгагдсан байх хуулийн шаардлагын дагуу тэтгэвэр нэмэхэд шаардагдаж байгаа уг зардлыг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгийн зардлаас болон эрүүл мэнд, онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад урсгал зардлыг тодорхой хувиар бууруулах замаар эх үүсвэр гаргахаар тооцож баталлаа. 

   Ингээд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 465 мянган ахмадын тэтгэвэр нэмэгдэх эрх зүйн орчин бүрдлээ. Хуулийг хэрэгжүүлэхдээ тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлэх бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөг болгоно гэж тооцлоо.

    Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 15,771.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,158.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 38.8 хувь болж төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон тэнцлийн алдагдал 2,387.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангахаар байна.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл