Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

  2018-01-05 18:43  459


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.05) 17 цаг 05 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалав. Уг хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат уг хуулийн төслийг 2019.01.01-ээс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва уг хуулийн төслийг 2019.01.01-ээс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Б.Баттөмөр нар Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төслөөс 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд  70 хувь нь дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиас иргэний хариуцлагыг хасч болохгүй тул өмнөх хуулийн үйлчлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлав.


Харин Улсын Их Хурлын гишүүн, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зөрчлийн тухай хуульд агаар, орчныг бохирдуулсан иргэнд 1000 нэгжтэй тэнцэх, аж ахуй нэгжид 10 мянган нэгжтэй тэнцэх торгууль төлөх заалт батлагдсан тул уг хуулийн төслөөс иргэний хариуцлагын заалтыг хассан гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хуралдааны төгсгөлд Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Б.Баттөмөр нар хуулийн төслүүдийн татвараас чөлөөлөх бараанаас агаарын тоосонцрыг шүүх амны хаалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат хуулийн төслүүдийн хэрэгжих хугацааг 2018.01.20-иос эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй санал тус тус дэмжигдэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслүүдийг 2019.01.01-ээс эхлэн дагаж мөрдөх  нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-01-05 18:43  459