Цэс

Холбоо барих

ЭЗБХ:Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсэг байгуулав



    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.16) хуралдаан 14 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

    Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан байна. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилтын хүрээнд 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10.0 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байлаа. 



    Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тухайн жилд бодлогын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх нь тодорхой бус байгааг онцгойлон анхааруулахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхэлсэн ажлуудыг ирэх оны төлөвлөгөөнд тусгасан шалтгааныг тодруулав. Мөн тогтоолын төсөлд экологийн өндөр ангилал бүхий Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахад 1,417,250.00 төгрөг төсөвлөсөн нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед асуудлынхаа эрэмбийг зөв тогтоосон эсэхийг лавлалаа. 




    Хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагуудыг баримталсан гэдгийг Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал хариултдаа тодотгоод 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний чухал хэсэг нь эрүүл мэндийн салбар байгаа. Эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, цаашлаад орон нутаг буюу аймгийн эрүүл мэндийн төвүүдэд судалгаа шинжилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, цахим шилжилт хийх асуудлыг цогцоор нь шийдэж оруулсан. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн зарим ажлууд нь 2022 онд хийхээр тусгагдсан тул төлөвлөгөөнд оруулсан гэв. Мөн тэрбээр, Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулагдахаар тусгагдсан ч, 1,417,250.00 төгрөгийг хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөс гаргаж, санхүүжилтээ шийднэ хэмээн хариуллаа. 

    Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг “Хөгжлийн жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэж байгаа хэдий ч энэ нь ирэх жилийн төсвийн суурь болно. Гэтэл тогтоолын төсөлд макро эдийн засгийн суурь үзүүлэлт болон бодлогын томоохон асуудлуудаа тусгаагүй тул Ажлын хэсэг сайн ажиллаж, чамбайруулах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Хөгжлийн жилийн төлөвлөгөөндөө Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан байна  гэж тусгасан ч салбарын яамнаас энэ чиглэлийн хуулийн төслийг өргөн бариагүй, Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцүүлээгүй байгаа тул энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 



    Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

   Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэхүү Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахлахаар болов.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 



    Виртуал хөрөнгө нь шинэ технологийн үндсэн дээр үүссэн бөгөөд цаашид ч техник, технологийн хөгжлийг дагаад шинээр санхүүгийн үйлчилгээний тоо ихсэж, түүнийг дагаад гарах эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй, мөн аль нэг байгууллагын хяналт, зохицуулалтад байдаггүй. Санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжааг хийж, цахим хуудсаар криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Дээрх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь уг санхүүгийн үйлчилгээг үзүүлэгчид тавигдах хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэн хариуцах, маргааныг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт тодорхойгүй байгааг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа онцлов. 

    Монгол Улс нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ  Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-ын хэрэгжилтийг ханган Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх харилцан үнэлгээнд эрсдэлтэй орны тоонд оруулах эрсдэлээс хамгаалах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэж байлаа. 



    Виртуал хөрөнгийн үйлчилгээний тухай хуулийн төслөөр виртуал хөрөнгө, хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг, тэдгээрт тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналтын механизмыг бий болгож, тэдгээрийг гүйцэтгэх субьектыг Санхүүгийн зохицуулах хороо байхаар тодорхойлж, түүний эрх, үүргийг төсөлд тусгажээ. Түүнчлэн виртуал хөрөнгө, түүнийг зарж борлуулсан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгож, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа. Мөн виртуал хөрөнгийн арилжаа, хадгалалт, түүнд үзүүлэх үйлчилгээ нь өндөр мэдээлэл технологийн програм хангамж дээр явагддаг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянах нь өндөр техник технологи, боловсон хүчний өндөр ур чадвартай хүн байхыг шаардана. Иймд тухайн мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн өндөр ур чадвартай боловсон хүчнийг авч ажиллуулах шаардлагын хүрээнд цалингийн итгэлцүүр, шатлалыг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан гэдгийг төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

    Хуулийн төсөл батлагдсанаар виртуал хөрөнгөтэй холбоотой эрх зүйн орчин бүрдэхээс гадна ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх, эдийн засгийн эргэлт нэмэгдэх, гаднын хөрөнгө оруулагч нарыг татах, санхүүгийн хэрэглэгч олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах, өмчийн эрх зүйн хамгаалалттай болох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах эерэг нөлөөтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. 

    Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцсон. 



    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, С.Чинзориг, Ж.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг, Б.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн. Санал хэлсэн гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ зайлшгүй анхаарах асуудалд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг виртуалын үйлчилгээ үзүүлэгчээс шимтгэл авах бүртгэлжүүлэх асуудалд тодорхой зохицуулалтуудыг тусгахад анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр “Цаасан мөнгөнөөс цахим мөнгөрүү шилжсэн тул хууль гаргахгүй бол виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч иргэдэд илүү эрсдэл үүснэ. Иймд боломжтой хэлбэрээр бүртгэлжүүлээд, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх үүргээ хүлээх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компани нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснийгээ давуу тал болгож сурталчлах бус өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ гэдгийг иргэдэд сайн ойлгуулах нь зүйтэй. Энэ талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам зоригтой мэдээлэх, мэдэгдэх шаардлагатай гэсэн саналыг хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэхдээ виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар иргэд мэдээлэлгүй, дэд бүтэц хөгжөөгүй, цаг нь болоогүй гэдгийг онцолж байсан.

  Ингээд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл