Цэс

Холбоо барих

ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан эхэллээ

Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр (2020.11.01) Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг хуралдаанаар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх хорооны хоёр гишүүнийг шинээр сонгох, Удирдах зөвлөлийн 205 дугаар хуралдааны тайланг батлах, Парламентчдын Хүний эрхийн хорооны илтгэлийг сонсох, ОУПХ-ны 2021 оны ажлын хөтөлбөрийг батлах зэрэг бусад асуудлыг хэлэлцэх юм.


Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ч.Ундрам нар оролцож байна.


ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, 179 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн парламентын хамгийн том байгууллага юм. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр Мексик Улсын иргэн хатагтай Габриэла Куэвас Баррон 2017 оны 10 дугаар сараас сонгогдон ажилласан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон.


ОУПХ-ны дүрмээр холбооны Ерөнхийлөгчийг гурван жил тутам Удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгодог. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Сенатын танхимын дарга Мухаммад Садик Санжрани, Бүгд Найрамдах Португал Улсын Ассамблейн Ерөнхийлөгч Дуарте Пачеко, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис (Парламент)-ын Хууль тогтоох танхимын Тэргүүн дэд дарга Акмал Саидов, Канад Улсын Сенатын танхимын гишүүн Салма Атауллахжан нар тус тус нэр дэвшиж байна. ОУПХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр болох бөгөөд манай улс гурван саналын эрхтэйгээр санал хураалтад оролцоно.


Харин Гүйцэтгэх хорооны гишүүдийг бүс нутгийн (геополитикийн) бүлгүүдээс нэр дэвшүүлж, Удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгодог юм. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх хороонд Латин Америк болон Карибын тэнгисийн бүлэг,  12+ бүлгээс тус бүр нэг гишүүн сонгоно. Гүйцэтгэх хорооны гишүүнд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Сенатын танхимын дарга, Бүгд Найрамдах Улсын Дэд ерөнхийлөгч Беатрис Аргимон, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн Лауренс Фэхлманн Райлл нар нэр дэвшиж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл