Байнгын хорооны дарга Н.Энхболд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

  2016-08-17 01:00  211

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.08.17/ Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Зүүн Азийн Хэлтсийн орлогч дарга Күдо Чихару, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд талууд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх, үүнд Япон Улсын Засгийн газар техникийн ямар төрлийн туслалцаа үзүүлэх боломжтой талаар ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурал  2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг батлах Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм. 

Бодлогын уг баримт бичгийг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 2015 оны 09 дүгээр сард НҮБ-аас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-ын үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатайгаар боловсруулан баталсан онцлогтой. Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байр, орлогын эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоог бүрдүүлэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 23:43  211