Монгол Улсын байнгын ажиллагаатай Парламентын түүхэн товчоон

Монгол Улсын байнгын ажиллагаатай Парламентын түүхэн товчоон
1990 оны долоодугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Ийнхүү 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож, эдүгээ 28 жил болж байна. 
Парламент бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Парламент гэдэг нь “ярих, хэлэлцэх” гэсэн утгатай англи үг /parliament/ бөгөөд хууль тогтоох-төлөөлөгчдийн дээд байгууллагыг илэрхийлж ойлгодог дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хэвшсэн нэр томъёо юм. 
Монголын парламентын үүсэл хөгжлийн түүх харьцангуй богино хэдий ч улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэх талаар их зүйлийг хийж бүтээсэн билээ.