БОХХААБХ: “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  2022-06-16 22:04  148



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.16/ хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явууллаа. 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг санал, тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй  саналуудаар санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар тус тус дэмжигдсэн. 


Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас тогтоолын төслийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад “хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын татаас, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, шаардлагатай урамшууллын хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт бүрэн тусгаж, хэрэгжүүлж байх" гэсэн агуулгатай дэд заалт нэмж, дугаарыг өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.

Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

       


  2022-06-16 21:55  148