Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-07-04 19:07 Уншсан: 116

Тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 14 цаг 32 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж,  дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.


Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг яам, агентлаг, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид, холбогдох албан тушаалтнууд болон Үндэсний аудитын газрын төлөөллүүд оролцсон юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа тогтоолын төслийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нь нэгтгэн гаргаж, аудитын дүгнэлт хийлгэсэн. Энэ ажиллагаанд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1689 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5097 төсөвт байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн гаргасныг дурдлаа.

Танилцуулгаас үзэхэд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 5.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 405.9 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9.5 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 496.8 тэрбум төгрөгөөр дутуу гарчээ. Харин нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байгаа аж. Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 327.9 тэрбум төгрөгөөр буюу 9.2 хувиар давж, улсын төсвийн зарлага 7.4 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 355.4 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2016 онд 9,495.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 5.0 хувь буюу 496.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ.

Дэд сайд мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг яам, агентлаг, төрийн байгууллагуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн орлого, зарлагын зарцуулалтын талаар товч танилцуулсан юм.


Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон Үндэсний аудитын хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгасан 5 их наяд 835.0 тэрбум төгрөгийн орлого, 9 их наяд 495.3 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлийг аудитаар баталгаажуулснаас гадна Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн талаар танилцуулав. Мөн тэрбээр тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбаруудын төсвийн гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс танилцуулсан юм.

Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг байгууллагууд 2016 онд төсвийн зохих хэмнэлтүүд гаргаж ажилласан, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэсэн, харин Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны санхүүгийн зарим тайланд аудитын байгууллага хязгаарлалттай дүгнэлт өгсөн, энэ нь гол төлөв худалдан авах ажиллагаанаас үүдэлтэй зөрчлүүд байгаа. Иймээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүднээс холбогдох байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн, хэрэгжилтийн тайлангаа ирэх наймдугаар сар гэхэд ирүүлсэн байх учиртай гэдгийг тэрбээр хэллээ.


Тогтоолын төслийн танилцуулга, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар нар Сангийн дэд сайд, Үндэсний аудитын газрын дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.  Хуралдааны эцэст Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагуудын 2016 оны санхүүгийн тайланд үрр дүнгийн гүйцэтгэлийн аудит хийж ирэх намрын чуулганы эхэнд Байнгын хороонд танилцуулах чиглэлийг Үндэсний аудитын газрын удирдлагуудад өгсөн юм.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.              

Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцлөө

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарч, макро эдийн засгийн хүндрэл, өрийн хуримтлал, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулахад шаардлагатай бодлогын арга хэмжээ, стратеги боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран 3 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохироод байна. Хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэхэд оршиж байгааг төсөл санаачлагч онцоллоо.


Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай 3 үе шаттай байх бөгөөд нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд есийг нь авч хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн эхний шатны арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яам хариуцаж хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авах юм байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх агаад зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх аж.  

Хөтөлбөрийн эхний үе шатны хүрээнд 9 бодлогын арга хэмжээг урьдчилсан нөхцөлөөр тусгасан бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээ нь бүрэн хэрэгжиж дуусаад байгааг Сангийн дэд сайд хэллээ.

Уг санхжүүжилтийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд асуулт асууж тодруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь санхүүжилтинй хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг дэмжсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрэээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 32 тэрбум иен бөгөөд зээлийн хүү нь жилийн 0.8 хувь, урьдчилгаа шимтгэл нь 0.1 хувьтай, зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 6 жил байх аж.

Хөгжлийн бодлогын энэ зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэх юм байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн юм.    

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.  


Автозамын тээвэр болон тээврийн хэрэгслийн зохицуулалтын тухай НҮБ-ын 58 конвенц, хэлэлцээр байдгаас Монгол Улс “Замын хөдөлгөөний тухай конвенц”, “Замын дохио тэмдгийн тухай конвенц”-д тус тус нэгдэн орсон бөгөөд одоо бусад 4 хэлэлцээрт нэгдэж орох шаардлагатай байгаа аж.

Иймээс Монгол Улс автомашин үйлдвэрлэгч, автомашины сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн экспортлогч болох стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-ын чухал 4 хэлэлцээрийн нэг болох 1958 оны “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-т нэгдэн орох нь зүйтэй гэж Засгийн газар үзээд уг асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр оруулж ирсэн байна.

Манай улс энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор дугуйт тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, байгаль орчны нөлөөллийн үзүүлэлтийг сайжруулж, олон улсын худалдааны техникийн саад тотгорыг арилгахад их ач холболдолтой гэж Засгийн газар үзэж байгаа.  Мөн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг олон улсад тавигдаж буй хийц, аюулгүй байдлын болон ашиглалтын бүхий л цогц шаардлагын дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүснэ. Түүнчлэн бусад улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл, түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцөлийг хөнгөвчлөх боломж бүрдэх юм гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд илтгэлдээ дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Иймээс энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-07-04 19:07

Хуралдааны тов