Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 24 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Тэдгээр зарлигаар, тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах  Ардчилсан Балба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татаж, мөн тус тус томилсон байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын  Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Энэ тогтоолоор, тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг; 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгожээ гэж УИХ-ын Тамгын  газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл