Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-12-06 14:12 Уншсан: 110

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.12.06) 11 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ санал хэллээ.

Дараа нь Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хуралдааныг хойшлуулах горимын санал гаргав. Тэрбээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг дагасан хэд хэдэн хуулиудтай холбоотойгоор санал ирүүлсэн. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлээд байна. Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч гадаадад ажлын томилолттой яваа тул хуралдааныг ирэх долоо хоног хүртэл хойшуулах саналтай  байна гэв. Уг горимын саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-12-06 14:12

Хуралдааны тов