Хан төрийн долоон эрдэнэ

  2018-02-01 18:21   778

Төрийн ордны гуравдугаар давхрын төв хэсгийн өмнөд ханыг туушид нь эзэлсэн “Хан төрийн долоон эрдэнэ” хэмээх зураг бий. Ордонд буй ховор нандин бүтээлүүдийн нэг болох 18 м урт, 1,5 м өргөнтэй энэхүү зургийг зураач Н.Лхагвасүрэнгийн удирдлаган дор монгол зургийн аргаар зурж, 1998 онд байрлуулсан байна.

Уг бүтээлд нүүдэлчин ахуйтай монголчуудын нэгэн өдрийн 108 үйл явдлыг Хан төрийн долоон эрдэнээр тойруулан харуулсан байдаг. Бүтээлд 999 хүнийг дүрслэн харуулснаас 64 нь бөх, мөн 551 мал, 13 гэр, есөн нохойг багтаасан байна. Зураач 999 хүний дүрийг бүтээхдээ 1996-2000 оны хооронд ажиллаж байсан УИХ, Засгийн газрын гишүүд, олны танил бизнесмэнүүд, бөх, урлагийнхан зэрэг бодит хүмүүсийн дүрийг уран сайхны аргаар оруулсан гэдэг. Тухайлбал, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц эрх эргүүлэн маани тоолж суухад улсын начин Б.Оргилболд даншигт зодоглон засуулаа түшээд зогсч байна. Х.Баянмөнх аварга наадамд түрүүлэн дэвж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди мөн л нэг санваартны дүрээр олбогт заларсан харагдана.

“Хан төрийн долоон эрдэнэ” нь эртний Жагарын орны Загарвардийн хаанаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд Монголд Олноо өргөгдсөний анхдугаар он буюу 1911 онд Богд хааныг хаан ширээнд залах үед цогцоор нь бүтээн өгч байсан түүхтэй ажээ. 


  2018-02-01 18:21   778