“Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган боллоо

  2022-03-07 15:01  403


    

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өнөөдөр /2022.03.07/ Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. 

    Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй, НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд болж буй уг анхдугаар чуулган нь төрийн албаны жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар институцийн орчинд өрнөж буй өөрчлөлтийн үйл явцыг дүгнэн мэдээлэх, эрчимжүүлэх, төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдад зориулан тусгайлан хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнг хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ. 




    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганы нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, монгол төрийн их үйлсэд зүтгэж буй олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл анх удаа хуран чуулсан чухал үйл явдал болсныг онцлоод төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон тэднээр  уламжлан өрх гэрийн халамжит хань, үр хүүхдийнхээ өмөг түшиг, ухаан тэгш Монгол эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ. 

   Мөн тэрбээр, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийг гардан хэрэгжүүлж буй байгууллага Төрийн албаны зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг жил бүр хэлэлцэн дүгнэдгийг тодотгоод өөрчлөлт шинэчлэлийн эерэг үр нөлөө төрийн албаны төлөвшил хөгжилд уусан шингэх нь улс орны хөгжлийн нэгэн гол эх ундарга. Гэхдээ хүнийг нь өөрчилж, халж сэлгэнэ гэсэн үг биш. Гагцхүү үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг нь өөрчлөн шинэчилнэ гэсэн үг. Төрд ажиллаж байгаа албан хаагч аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш Монгол төрийн төлөө зүтгэдэг, Монгол хүн бүрд үйлчилдэг байж энэ шинэтгэлийн нэгэн том зорилго биелнэ гэдэг байр суурь нь одоо ч хэвээр байгаагаа цохон тэмдэглэв. 



 


    Монгол Улсын Их Хурлаас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил тутам нэмэгдэж ирсэн статистик үзүүлэлт байна. Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оноос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгдсэн нь төрийн албаны удирдах албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг төрийн системээрээ дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ. Энэ нь жендэрийн ялгааг бууруулах үйлсэд бодит алхам болно гэв. 

   УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,  цаашид УИХ-аас жендерийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэл, дарамтаас ангид, эдийн засгийн эрх чөлөөг нь хангах зэрэг зорилго, бодлогоос хэзээ ч ухрахгүй гэдгийг дурдаад миний бие өмнө дурдаж байсанчлан төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж байгаа цогц чадамжийг нэвтрүүлж, зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх, төрийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, хяналттайгаар үнэлэхэд өөрчлөлт гарах болно гэсэн үгээ энэ сайхан өдөр дахин давтан хэлье гэж байлаа.  



    Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофф нар тус тус  үг хэлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч бөгөөд “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн дарга Илейн Конкиевич чуулганд оролцогчдод баяр хүргэж, цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

    Чуулганд  Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцов. 



    Анхдугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эмэгтэйчүүд ба хөтөлбөр эрхлэлт”, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Тэгш боломж-Төрийн албаны хүний нөөцийн бодлого”, Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдал” сэдвээр  тус тус илтгэл тавилаа. 

    Дараа нь хууль эрх зүйн орчинд ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, зохицуулах боломж бий эсэх, төрийн захиргааны албан хаагчид ажлын байран дээрээ өөрийн эрхийг хангаж хамгаалуулах ойлголт, мөн ажлын байран дээрээ хөгжих боломж, нөхцөл зэрэг сэдвийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Удирдлагын Академийн захирал Ч.Сүрэнчимэг, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага Ц.Бүжидмаа нар мэдээлэл хийсний дараа чуулганд оролцсон төлөөлөгчид асуулт асууж, санал боддоо илэрхийлсэн. Төлөөлөгчдийн зүгээс “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх  шаардлагатай талаар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Анхдугаар чуулганыг хааж Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   


  2022-03-07 14:42  403