УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэнийг хүлээн авч уулзав

  2019-04-01 15:11  327

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2019.04.01/ Бүгд Найрамдах Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Хосе Игнацио де Мендигүрэн УИХ-ын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Аргентины Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн хувьд түүхэн айлчлал болж байгааг онцоллоо. Тэрбээр, Аргентин-Монголын парламентын найрамдлын бүлгийг Аргентины Төлөөлөгчдийн танхимд байгуулсан болохыг дуулгаж, 2019 оны 1 дүгээр сард болсон Монгол, Аргентины ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтын дүнд энэхүү айлчлалыг хийж байна. Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Аргентин, Монголын харилцаанд чухал ач холбогдол өгч, Монголтой харилцах хамтын ажиллагааг өргөжүүлэх тус улсын бодлого байдаг болохыг тодотгов.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ноён Хосе Игнацио де Мендигүрэнтэй уулзаж буйдаа таатай байна гээд эрхэм гишүүний энэхүү айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Тэрбээр, сүүлийн жилүүдэд  Монгол, Аргентины хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгааг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд саяхан Аргентин Улсад айлчилсан, энэ хүрээнд манай хоёр улс тус салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ. Түүнчлэн Олон улсын парламентын холбооны хуралд Монгол Улсыг төлөөлж Улсын Их Хурлын дэд даргын хувиар тогтмол оролцдог, энэ үеэр хоёр орны парламентын бүлгэмүүдийн гишүүд уулзах завшаан олддог. Ингэснээр хамтын ажиллагааг урагшлуулахад хууль тогтоох дээд байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал ач холбогдолтой гэлээ. 

Талууд уулзалтын үеэр хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, ноос, ноолурын хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2019-04-01 15:04  327