Г.Занданшатар: Хүний тоогоор биш оюуны чадвараар улсаа хөгжүүлнэ

  2019-09-29 12:10  165

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилга, дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт Монголын Оюун ухааны академийн гэрээт салбар байгуулагдаж, 2019.09.28-нд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Монгол Улсын гавьяат багш, МОУА-ийн салбарын захирал Ш.Чимгээ, Оюун ухааны спортын дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшигч Ш.Наранбат болон Хонгор нутгийн хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ,”Монголын ирээдүй хойч үе илүү оюунлиг, мэдлэгтэй байх нь юунаас чухал. Дэлхий нийт дипломыг биш чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеэ дүүрэн тэмүүлэлтэй, хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтай болгон хөгжүүлэх нь зөв юм. Авьяас чадварыг дэлхий нийтээр үнэлж байна. Үнэхээр авьяастай бол 12 настай хүүхдийг ч ажилд авч болдог болсон.

Монгол Улсыг Оюутолгой биш “оюунлаг толгой” хөгжүүлнэ гэж 10 жилийн өмнө хэлж байсан үгээ дахин хэлмээр байна. “Номгүй хүний цээж харанхуй, малгүй хүний хот харанхуй” гэж өвгөд сургадаг байсан. Орчин цагийн хүүхэд залуустаа цээж харанхуй байхгүйг захья.

Эрдэм мэдлэг бол шинэ эрин үеийн эхлэл. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил боловсролоос шууд шалтгаална. Оюун ухааны спортын арга технологийг сургалтын нэг хэлбэр гэж үзэх хэрэгтэй. Монгол хүний оюуны чадамж ямар өндөр болохыг тив дэлхийд харуулсан буухиаг Баянхонгор аймгийн хүүхэд залуус үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” гээд хүний тоогоор биш оюуны чадвараар улсаа хөгжүүлэх учраас орон нутгийн хүүхэд, багачуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.

 

Уг академид хүүхдүүд түргэн бодолт, ой тогтоолт, рубик шоо, спорт өрөлт гэсэн оюуны спортын төрлүүдээр орон нутагтаа хичээллэж, оюун ухаанаа өргөн цар хүрээтэйгээр нээлттэй хөгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Одоогоор хоёр багш бэлтгэгдсэн бөгөөд шат дараалсан хөтөлбөрөөр  “Баянхонгор” олон улсын сургуулийн 75 сурагчид эхний шатны сургалтаа явуулж эхэлжээ. Ирэх сараас шинэ элсэлтээ авах юм байна. Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж, бүтээлчээр сурах боломжийг бүрдүүлж, юмыг олон талаас нь харах чадварыг Оюун ухааны академийн хөтөлбөрөөр олгодог аж.

Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг хамруулжээ.

Эдгээр тэмцээнд хамгийн бага нь 2 настай, хамгийн ахмад нь 73 настай тамирчид оролцож байсан бөгөөд оюуны спортод насны хязгаар байхгүй. Одоогийн байдлаар ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж, нийтдээ 79 цом, 937 медалийг хүртжээ. Дэлхийн 54 дээд амжилтын 30-ийг манай тамирчид эзэмшиж байгаа талаар тус академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар хэлсэн юм.


 

Тус академи оюуны ухааны олон сонирхолтой төрлүүдийг хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх баг тамирчдыг бэлтгэх зорилго өвөртлөн ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг зургаан аймагт салбараа нээсэн бол энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэг, ивээл дор Баянхонгор аймагт ийнхүү албан ёсоор нээлээ.

Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар хүүхдийн хөгжил нь багш, эцэг, эх, хүүхдийн хамтын ажиллагаанаас шууд шалтгаалдаг учир хүүхдээ хөгжүүлэхэд юуг анхаарах талаар Баянхонгор аймгийн иргэдэд зориулан “Тархиа хэрхэн үр ашигтай хөгжүүлэх вэ?” сэдвээр лекц уншив.

Иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийхийг дэмжиж байна

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажилласан хоёр дахь өдрөө Баянхонгор сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулав.

УИХ-ын даргын 2019 оны 191 дүгээр захирамжийн дагуу УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд УИХ-ын дарга ийнхүү иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байгаа юм.

 

Баянхонгор сумын иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Нэгэнт эхлүүлсэн ажлаа эрчээ алдахгүйгээр дуусгахыг тэд захиж байв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр боловсруулж, Зөвлөлдөх ардчиллын аргаар ард түмэнтэйгээ зөвшилцсөн гэдгийг УИХ-ын дарга онцлоод, хэдийгээр зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч эрх зүйн хувьсгал хийх замаар шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд нэгэн сэтгэлээр ажиллаж байна гэв. Улс орныг сахилга хариуцлагатай, эмх цэгцтэй болгохын төлөөх алсыг харсан өөрчлөлтүүд энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан болохыг ч тэрбээр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-09-29 12:56  165