Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 09 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ.

Энэ хууль нь чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний байршил, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хуулийн этгээдийн болон иргэний бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилттой юм байна.

Харин чөлөөт бүсийн зорилго нь тухайн бүсэд эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа ажээ.

Эмхэтгэлд энэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хуулиудыг мөн нийтэллээ.

Олны анхаарлыг зүй ёсоор татаж буй хуулийн нэг болох Монгол хэлний тухай хуулийг эмхэтгэлд нийтэллээ.

Үүгээр хуулийн үйлчлэх хүрээ, үндсэн зарчмыг тодорхойлсны зэрэгцээ Монгол Улсын нутаг дэвсгэрт ямар үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулах, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд болон Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, эрх бүхий судалгааны байгууллага тус тус ямар үүрэг хүлээхээр байгааг хуульчилж өгсөн байна.

Энэ хуулиар монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн гэдгийг нотолж, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил бичгээр хөтлөн явуулна, үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэдгийг хуульчилж өгөв.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд, Өрийн удирдлагын тухай хуулийг нийтлэв. Энэ хуульд, өрийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ, удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх, өрийн зохистой түвшинг хангах, өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заажээ.

Мөн эдгээр зарчмыг ямар байдлаар хэрэгжүүлэх, өрийн удирдлагын талаар төрийн байгууллагууд ямар бүрэн эрх, чиг үүргэтэй байх, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх, Засгийн газар ямар зориулалтаар өр үүсгэж болох, Засгийн газрын хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь ямар шаардлагыг хангасан байх, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний зорилго, нийгмийн үр өгөөж, эдийн засгийн үр ашиг, эргэн төлөгдөх чадвараас нь хамааруулж эх үүсвэрийг ямар хэлбэрээр ашиглаж болох, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахад ямар шаардлагыг хангасан байх, ямар тохиолдолд Засгийн газар өрийн баталгаа гаргах зэрэг асуудлыг нарийвчлан хуульчилжээ.

Түүнчлэн өрийн удирдлагын ил тод байдлыг хэрхэн хангах, өрийн мэдээллийн нэгдсэн санд ямар мэдээллийг төвлөрүүлэх, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, хариуцлага хүлээлгэх үндэслэл ямар байх зэрэгтэй энэ хуулиас танилцаж болно.

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Тэдгээрээс гадна ““Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “”Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох,чөлөөлөх тухай” зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Нийтийн сонсголын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Шинэ дугаарт нийтлэгдсэн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, орлого бүрдүүлэлт, төсвийн хариуцлага, ил тод байдлыг сайжруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасан байна. Тухайлбал, жил бүрийн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн тогтвортой өсөлт болон валютын ханшны тогтвортой байдлыг богино, дунд, урт хугацаанд бий болгох үндсэн зорилтын хүрээнд гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээг тусгах, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдах, худалдан авах замаар хөрөнгийн зах зээлд оролцох, санхүүжилт босгох зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг өсгөх боломжийг судалж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тогтоожээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ.

Энэ хөтөлбөрт тодорхой чиглэлүүд тухайлбал, макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд богино, дунд хугацаанд үр дүн гарах арга хэмжээг тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах этгээд болон хүрэх үр дүнг нарийвчлан тусгасан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Н.Адьяабат, Б.Суманчулуун нарт олгосон улсын цолыг хасах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл