Цэс

Холбоо барих

“Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ


    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.03.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 09 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо. Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар”-х мэдээллийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

    Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх явцад хүний эрх, эрх чөлөө, ялангуяа иргэдийн эх орондоо эргэн ирэх эрхийг баталгаажуулах зорилгоор Гадаад харилцааны яам Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэдгийг мэдээллийнхээ эхэнд Б.Батцэцэг сайд дурдсан. Энэхүү саналын дагуу нутаг буцах хүсэлтэй иргэдэд тавьж байсан олон шалгуурыг хялбаршуулж, иргэдийг татан авах төлөвлөгөө, хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх зэрэг асуудлыг хуульчилсан гэв.


    Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн 140 удаагийн нислэгээр 24.448, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31.168 иргэнээ татан аваад байгаа гэлээ. Өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны бүхий л сувгийг ашиглан Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Австрали Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Турк Улс,  Бүгд Найрамдах Чех Улс,  Унгар Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс руу агаарын шинэ чиглэл нээж, нислэг үйлдэх зөвшөөрлийг дипломат шугамаар авсан байна. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж, гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээж байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдав. Ингэснээр яаралтай буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд эх оронд нь ирүүлэх боломжтой хэмээн тооцжээ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу МИАТ компани нислэгийн тийзнийхээ үнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хувиар бууруулсан гэдгийг Гадаад харилцааны сайд мэдээллийн үеэр тэмдэглэж байлаа.

    Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатайгаар нээх тул тусгай үүргийн нислэгийг тавдугаар сараас зогсоож, тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Дөрөвдүгээр сард зарлагдсан тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэд тийзээ шууд худалдан авах энгийн горимд шилжиж байгаа аж.


    Хилийн чандад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэлхий өнцөг булан бүрээс иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд Гадаад харилцааны яамнаас ДТГ-уудынхаа үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн хугацаанд буюу цар тахлын үед нийт 5254 иргэний визийг сунгуулж, 272 иргэнийг 792 орчим сая төгрөгийн визийн торгууль, төлбөрөөс чөлөөлсөн гэх мэдээллийг ДТГ-уудаас ирүүлсэн байна.

    Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая төгрөг, 2021 оны эхний улиралд 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд нийтдээ 97 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байгаа аж. Түүнчлэн НҮБ-ын Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааны үр дүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Европын холбоо зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 941 монгол иргэний тийзний үнэ, тусгаарлах байрны зардалд 3.5 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн жил бүрийн зарцуулалтыг “шилэн” болгож, тайлан мэдээг Засгийн газрын болон Гадаад харилцааны яамны цахим хуудаст байршуулан, олон нийтэд нээлттэй танилцуулдаг болсон байна.


    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас цугларсан хандивын хөрөнгөнөөс 300 сая төгрөгийг цар тахлын улмаас гадаадад гацаж, санхүүгийн хүндрэлд орсон, нутаг буцах боломжгүй иргэдэд зориулан Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд төвлөрүүлсөн байна. Тус сангийн энэхүү нэмэлт санхүүжилтээс 201 иргэний тусгаарлах байрны зардал болон бусад төрлийн дэмжлэг үзүүлэхэд 195.458812 төгрөгийг зарцуулж, одоо 104.541188 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Мөн НҮБ-ын Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагатай санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн 27 улсад үйл ажиллагаа явуулдаг, монголчуудын 130 гаруй төрийн бус байгууллага, холбоодыг нэгтгэсэн Хилийн чанд дахь монголчуудын зөвлөлийг Гадаад харилцааны яам байгуулагдсан цагаас нь дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн бөгөөд “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байгаа гэлээ. Цаашид Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанд дахь монгол иргэдэд иргэд, монголчуудын үйл ажиллагаанд байнга дэмжлэг үзүүлэх ажиллана гэдгийг Б.Батцэцэг сайд мэдээллийнхээ төгсгөлд тэмдэглэлээ.

    Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар”-х дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Тогтохсүрэн, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Баярсайхан, Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд, Шадар сайд болон албаны бусад хүмүүсээс хариулт, мэдээлэл авсан.


    Гадаадад байгаа иргэдээ татан авахын зэрэгцээ дотоодод дэгдээд буй халдварын тархалтыг сааруулж, вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуултад Б.Батцэцэг сайд хариулт өгсөн. Манай улс 2021 оны хоёрдугаар 22-ны өдрийн байдлаар БНЭУ-аас 150 мянган тун “АстраЗенека” вакциныг буцалтгүй тусламжаар, БНХАУ-аас 300 мянган тун “Синофарм”-ын вакциныг, хоёрдугаар 27-ны өдөр 10 мянган тун ОХУ-ын “Спутник” вакцин хүлээн авсан байна. Мөн гуравдугаар сарын 12-ны өдөр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 114.400 тун “АстраЗенека” вакциныг авсан бол 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр “Фрайзер” 27.450 тун вакциныг аваад байгаа аж. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улсад 600 мянган иргэнийг дархлаажуулах 1.2 сая тун вакциныг үе шаттайгаар, үнэ төлбөргүй олгох бөгөөд нэмэлт эх үүсвэрийг бий болгох чиглэлд холбогдох талууд эрчимтэй ажиллаж байгаа гэдэг мэдээллийг Б.Батцэцэг сайд өгсөн юм. Мөн арилжааны шугамаар 1.5 сая тун “Фрайзер” вакцин, 1 сая тун “Спутник”  вакцин, 900 мянган тун “Синофарм” вакцин авахаар яриа хэлцэл явуулж байгаа гэлээ. ОХУ, БНХАУ-тай тохиролцсон тул дөрөвдүгээр сарын эхээр “Спутник” вакциныг авах бол “Синофарм” вакциныг гурван үе шаттайгаар дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс татан авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.


    Коронавирусийн мутацид орсон хувилбарын талаарх асуултад Эрүүл мэндийн сайд хариулт өгөхдөө, одоогоор манай улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд шинжилгээний лабораторийг дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв.

    Дотоодын халдварын нөхцөл байдлаас үүдэн иргэдийн хөл хөдөлгөөн, зарим төрлийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хумих, хязгаарлах шаардлагатай гэдэг саналыг зарим гишүүн хэлж байсан бөгөөд Шадар сайд “Цаашид ч халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хатуу хөл хорио тогтоох тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ гэсэн зохицуулалтын дагуу дөрөвдүгээр сарын 5-нд хатуу хөл хорио тогтоох асуудлыг хөндөгдөж байгаа. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдана. Эрсдэлтэй зарим үйл ажиллагааг хязгаарлах талаар хэлэлцэнэ, товлосон хугацаа хүртэл халдварын тоо буурахгүй, нэмэгдсээр байх тохиолдолд хатуу хөл хорио тогтооно гэдгийг олон нийтэд урьдчилан мэдээлсэн байгаа. Орон нутгийн зорчигч тээвэр, ачаа эргэлт, ханган нийтүүлэлтээс бусад бүх хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байгаа бөгөөд цаашид аймаг, орон нутгууд шаардлагатай үедээ хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явна. Улаанбаатар хотод ч шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалтууд хийх магадлалтай” гэлээ.

    Гадаад улс орнууд дахь ДТГ-ууд тухайн улс оронд байгаа Монгол Улсын иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиглэлд хангалтгүй ажилласан гэдэг шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хэлээд “Бодит тусламжийн хэмжээ бага байгааг анхаарч, дахин 300 сая төгрөгийг нэмж төсөвлөх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж байлаа.


    Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар Т.Доржханд гишүүн тодруулж, хариулт авав. Мөн тэрбээр гадаад улс оронд зөвшөөрөлтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн үйл явцад оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс одооноос тухайн байгаа улс оронд нь шинжилгээнд хамруулах, вакцинжуулахад ДТГ-уудаараа дамжуулан анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Гадаад улс оронд ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг вакцинжуулалтад хамруулах хүсэлтээ бүх ДТГ-уудаараа дамжуулан тавьсан байгааг Б.Батцэцэг сайд мэдээлэв.

    Улсын Их Хурлын гишүүд цар тахлын дотоодын нөхцөл байдал, халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээ, вакцинжуулалт, шинжилгээний тоног төхөөрөмжийн хүрэлцээ, нэг удаагийн хувцас, хэрэглэлийн хүртээмж, хангамжийн талаар санал хэлж, тодруулга хийсэн юм.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.4-т “асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн 1 удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд үг хэлэв. Иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлэх, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлага байгаа гээд холбогдох саналуудыг хэлсэн. Гадаад улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэд 2019 оны байдлаар 561 сая ам.доллар буюу ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг шилжүүлсэн байгаа, 2004 онд энэ дүн ДНБ-ий 10 хувьтай ч тэнцэж байсан тохиолдол бий гэдэг баримтыг тэрбээр дурдав. Уул уурхайн орлого ДНБ-ий 25 хувийг эзэлдэг гэхээр 4 хувь бол бага үзүүлэлт биш гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой гэдгийг тайлбарласан. Улс орны эдийн засагт энэ хэмжээний оролцоотой тэдгээр иргэдийнхээ асуудалд анхаарч, эрх ашгийг нь хамгаалах чиглэлд ажиллах шаардлагатай гэдгийг хэлэв. Нөгөөтэйгүүр, гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдээ мэдлэг, туршлагын цөм гэдгийг анхаарч, нийгэм дэх оролцоог нь хангах чиглэлээр бодитой арга хэмжээ авч ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.03.26) хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл