“Зөвлөлдөх санал асуулга ба цахим хэлэлцүүлэг зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан хамтран өнөөдөр (2022.05.09) зохион байгууллаа.
Танхим болон цахимаар зохион байгуулсан тус сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, газар, хэлтсийн дарга нар болон ажилтнууд хамрагдав.
Сургалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Зөвлөлдөх гэдэг нь зөвийг олохын нэр. Өмнө нь олж авсан мэдлэг, туршлагаа цахим орчинд хөгжүүлэн, бататгах ач холбогдолтой болж буйгаараа энэхүү сургалт цаг үеэ олсон” гээд хууль тогтоомж болон аливаа асуудлын олон талууд, олон өнцгүүдийг нийгэмд зөв ойлгуулж, олон талаас нь хэлэлцүүлж байж батлах нь туйлын чухал гэдгийг тэмдэглэсэн.
Үргэлжлүүлэн Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг “Зөвлөлдөх санал асуулга” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр зөвлөлдөх санал асуулга нь олон талаараа алтан стандарт юм гэдгийг тодотгохын зэрэгцээ ач холбогдол нь тухайн асуудлаар хэр зэрэг зөв шийдвэр гаргах вэ гэдэгт оршино. Бодлого тодорхойлогчид гаргасан шийдвэрээ оролцогчдоор баталгаажуулуулах бус иргэд өөрсдөө тухайн асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж шийдвэрээ гаргах үйл явцыг зөвлөлдөх санал асуулга гэнэ хэмээн тодорхойлов.
Түүнчлэн, зөвлөлдөх санал асуулгад төлөөллийг санамсаргүй түүвэрлэж оролцуулах, тэдэнд санал асуулга явагдахаас өмнө тухайн хэлэлцэж буй асуудлаар хангалттай, тэнцвэртэй мэдээлэл бүхий материалыг тараасан байх, оролцогчдыг багуудад хуваарилж жижиг бүлгийн хэлэлцүүлэг хийх, багаараа ажилласнаар тодорхой асуудлуудыг сонгон авч экспертүүд болон бодлого тодорхойлогчдоос асууж тодруулах, оролцогчдын саналыг асуулгын хуудсаар авах, үр дүнг нэгтгэн анализ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх зэрэг нь зөвлөлдөх санал асуулгын бүрэлдэхүүн хэсэг болохыг танилцуулсан.
Үргэлжлүүлэн сургалтын 2 дугаар хэсэгт оролцогчдын ойлголт, мэдээллийг бататгах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулга болон “Улаанбаатар хотын дэд бүтцийн нөхцөл байдал” сэдэвт зөвлөлдөх санал асуулгуудыг жишээ татан зөвлөлдөх санал асуулгыг хэрхэн зохион байгуулах практик мэдээллүүдийг танилцуулсан бол сургалтын 3 дугаар хэсгээр танхимаар болон цахимаар зөвлөлдөх санал асуулга явуулахын ялгааны талаар болон цахим зөвлөлдөх санал асуулга хэрхэн зохион байгуулах аргачлалын талаар мэдээлэл өглөө.
Сургалтын 4 дүгээр хэсэгт зөвлөлдөх санал асуулгыг төлөвлөх үндсэн болон гол зарчмуудын талаар мэдээлэл өгөв.
Чиглүүлэгчээр ажилласан Улсын Их Хурлын Тамгын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа сургалтыг хааж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг ардчилах, төлөвшүүлэх, иргэдийн оролцоог бодитой нэмэгдүүлэхэд сургалтын үр дүн, ач холбогдол оршиж буйг онцлоод хамтран ажиллаж, сургалтыг зохион байгуулсан Азийн сангийнханд Улсын Их Хурлын Тамгын газрынхны нэрийн өмнөөс талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.