Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2021.01.28) чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо арван хоёроос доошгүй байна” гэсэн гурав дахь өгүүлбэр нэмэхээр тусгажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ажлын албаны ажилтны тоо нь тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байхаар зохицуулсан нь учир дутагдалтай байна. Тиймээс нэгэнт намын бүлэг байгуулагдсан бол ажлын албаны ажилтны тооны доод хязгаарыг хуулиар зааж өгвөл бүлэг ажиллах нөхцөл боломжоор бодитоор хангагдана. Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд намын бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг хуулиар тогтоож өгснөөр бүлгүүдийн тэнцвэртэй ажиллах, Улсын Их Хурлын гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцааг бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Ганбат нар төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн тэгш тооноос тооцно” гэснийг “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байна” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.