“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 10 дугаарын тойм

  2022-03-18 10:21  78

 


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг нийтэлсэн байна.  

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 1 зүйлтэй бөгөөд  Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцсэн.

 Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/ нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, эрэлтэд нийцсэн, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр тавьсан зорилтын хүрээнд хийгдсэн  байна.

Дээрх зорилтын хүрээнд Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж, таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд гудамж, замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн системийн шинэчлэлт, зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил болон магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй ажээ.

Мөн дугаарт Генетик нөөцийн тухай хуулийг нийтэлсэн байна.

Генетик нөөцийн тухай хууль батлагдсанаар Монгол орны байгалийн баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний генетик нөөц, түүнийг бүтээгдэхүүн болгон ашигладаг Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн мэдлэг, арга, ухааныг бүртгэлжүүлж, цаашид суурь судалгаатай, биотехнологийн салбарыг боловсронгуй болгож өргөжүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэл бий болгох эрх зүйн орчин бүрдэнэ. Учир нь Монгол орны баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний эд, эрхтэн, дээж Монгол Улсын хилээр ямар ч хяналтгүйгээр гарч байгаа бөгөөд тухайлбал, 2021 онд л гэхэд 1300 гаруй эмийн ургамлыг хилээр гаргасан гэсэн дүн байна. Энэ нь гаднын улс орнууд манай ургамлыг судалгааны чиглэлээр ашиглах, цаашлаад бүтээгдэхүүн хөгжүүлэлт болгож ашиглаж байгаа нь Монгол Улс тухайн бүтээгдэхүүн борлуулалтын үр шим хүртэх боломжийг эрх зүйн зохицуулалтгүйн улмаас алдаж байсан явдал юм. Иймд Генетик нөөцийн тухай хуульд генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газраас баталж, мөрдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн Генетик нөөцийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүд суурь судалгаа хийх боломжтой болох, судалгааны дүнд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигч нь үр шим хүртэх, цаашлаад биотехнологийн салбар хөгжих, тухайн чиглэлийн мэргэжилтэн, хүний нөөцийн чадавх сайжрах боломжтой ажээ.  Тухайн хуульд Монгол орны нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетнээ устаж үгүй болохоос хамгаалах, шаардлагатай тохиолдолд ховор, нэн ховор ургамлыг тарималжуулж хэрэглэх, хамгаалахаар тусгасан байна.  

Мөн дугаарт Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай  Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна. Тус тогтоолд Генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Генетик нөөцийн тухай хуульд заасан холбогдох журмыг боловсруулан баталж, мөрдүүлэх, Генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан генетик нөөц ашигласны үр шимийн төлбөрийг төлөх, төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


  2022-04-11 10:21  78