Цэс

Холбоо барих

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны аравдугаар чуулга уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав энэ сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдсан 10 дахь удаагийн “Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцов.



Энэ удаагийн чуулга уулзалт нь “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтыг урагшлуулах, нээлттэй хөгжлийн орон зайг өргөжүүлэн тэлэх нь” уриан дор болсон юм.


Чуулганы нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав үг хэллээ. Тэрбээр, Монгол, Хятад, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Хятадын тал хүчин чармайлт гаргаж, энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэнд талархал илэрхийлж, гурван талын хэлэлцэн тохиролцсон зарим асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв. Мөн гурван улсын Төрийн тэргүүн нар Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг тохирч, нэн тэргүүнд хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтыг баталсан тухай дурьдаад, энэ хүрээнд хил дамнасан төмөр зам, авто замын сүлжээг бий болгох, дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монголын экспортын бараа, түүний дотор мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх, тарифын бус хориг саадыг арилгах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан тухай хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээ нь гурван улсын хил залгаа аймаг, хотууд, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах, олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж, шинэ зах зээл, шинэ түншлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.




Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав уг чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монгол, Хятад, Оросын бүс нутгийн хоорондын Захиргааны болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын дээд хэмжээний уулзалт”, “Монгол, Хятад, Оросын онцлогт аж үйлдвэрийн хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум”-д тус тус оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл