Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-09-15 10:09 Уншсан: 31

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 34 дэх дугаарт Дипломат дээд цол хүртээх тухай, Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.


Хил дамнасан соёлын өв, түүний дотор хадны зураг, бичээсийг судлах зорилгоор олон улсын хамтарсан судалгааны баг байгуулж ажиллах, Хадны зураг, бичээсийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн-“Хадны зураг, бичээсийн чуулган”-ыг хоёр жил тутамд нэг удаа Дэлхийн өвийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байхыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академид Ерөнхийлөгч дээрх зарлигаар даалгасан байна. Мөн хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага; шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалжээ.

Мөн дугаарт Хөвсгөл нуур болон орон нутгийн иргэдийн уламжлал, соёлыг хамгаалах санаачилгыг дэмжих тухай, Нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай      Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна.

Ерөнхийлөгч Хөвсгөл нуурын ай сав газрын байгаль орчин, унаган төрхийг хадгалах, ойр орчмын газар нутагт оршин амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, усыг хамгаалан тахих уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх санаачлага өрнүүлэх, хөхиүлэн дэмжихийг төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүрт дээрх зарлигаар уриалжээ. Түүнчлэн уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолоор Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-10-17 10:10

Хуралдааны тов