Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 09 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн зорилго нь Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд нь туслахад чиглэгдсэн.

 Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан гишүүний бүрэн эрх, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус тусгажээ.  

Мөн дугаарт “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна.

“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол нь 5 заалт, 5 хавсралттай ба “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар, Улсын Их Хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталж, уг бодлогод тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг улс болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг Засгийн газар болон Монголбанканд даалгажээ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, энэ бодлогын зорилго, зорилтын хүрээнд төр, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтад тусгагдаагүй бусад төслийг дэмжиж ажиллахыг Засгийн газарт даалгасан байна.

Тус бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Бодлогод тусгасан 6 бүлэгт хамаарах 29 зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, боомтын, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот, хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болох, бодлого хэрэгжсэнээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрэх ба боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө гэсэн үр дүнг хүлээж байгааг тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл