Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

        Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.1.28) хамтарсан хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

    Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг хийв. 

   Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхын хэлэлцүүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа онцлоод анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн гэдгийг дурдав.


    Энэ дагуу Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгээр ахлуулсан Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулсан байна. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 7.1.32 дахь заалтыг “цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа Коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлд “цар тахлын үед амь нас эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.


Харин төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн төслийн хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

   Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс  боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав. Хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хууль хоорондын нийцлийг хангах шаардлага үүссэн тул Байнгын хороодууд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон. 


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Ажлын хэсгийн ахлагч төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,4 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл