Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-11-09 02:11 Уншсан: 302

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.08) хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.

Уг хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлсэн гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байгааг дурдав.

Мөн Үндсэн хуулийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн асуудлыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан гэж байлаа.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг  хүлээн авах боломжгүй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар тогтлоо.

2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын  хоёр төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Ажлыг хэсэг болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

 Тухайлбал, Эрүүл мэндийн тухай даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн даатгалын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үлдээх” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэмжээгүй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нар эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгааг дэмжиж байгаа ч Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд хамааруулж байгаа нь тогтолцооны хувьд буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, З.Нарантуяа, С.Эрдэнэ, Н.Амарзаяа нараас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэвээр үлдээх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86,7 хувь нь дэмжлээ.

Мөн энэ үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат. Б.Чойжилсүрэн нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ашигт малтмалын  газрын лиценз, газрын наймааг ил тод болгож, татварын орлогыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч газрын лицензээ зарж, борлуулахад төлөх татварын хувь хэмжээ өндөр байгааг анхааруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын зүгээс ашигт малтмалын лиценз, газрын наймаатай холбоотой татвараас зугтаадаг, далд явагддаг худалдааг ил тод болгохыг зорьсон. Одоо мөрдөж байгаа холбогдох хуульд 30 хувь гээд татварын хувь хэмжээг заасан байгаа. Засгийн газрын зүгээс энэ хувь хэмжээг 10 болгох санал гаргавал дэмжихэд бэлэн байна. Энэ асуудалд иргэдийн 0.7 га газрын өмчлөх, эзэмших эрхийг ах дүү, хамаа садандаа бэлэглэх, шилжүүлэх асуудлыг хөндөөгүй. Зөвхөн аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцгойлон анхааруулж байв. Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагасан хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Харин  Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчинө гэж үзсэн тул санал хураалт явуулсангүй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Байнгын хороод болсон Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

           

2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулах Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.


Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 67 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалт явуулахын өмнө Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж үзэхэд төсвийн зарлагыг нэмэх 200 орчим тэрбум төгрөгийн санал байсан. Эдийн засгийн байдал хүнд энэ цаг үед төсвийн зардал нэмсэн нэг ч төгрөгийн саналыг дэмжих боломжгүй. Эх үүсвэр ч байхгүй тул зардал нэмсэн зарчмын зөрүүтэй санал бүрийг дэмжихгүй байхыг онцгойлон анхааруулав. Иймд Байнгын хороодоос ирүүлсэн төсвийн зардлыг нэмэгдүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүрийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн гаргасан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо дэмжээгүй “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багц дахь аялал жуулчлал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг 2,000.0 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,360.0 сая төгрөг болгох” саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 56,2 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 10 гаруй саналын томъёоллоор санал хураалт явуулсан.

Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-11-09 02:11

Хуралдааны тов