Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталж, 2001 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон сувгийг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулжээ. Энэ мэтээр манай эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч байгаа билээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсгэж байна гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд эдгээр бэрхшээлийг арилгахын тулд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 зүйлтэй аж.

Төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа, заагийг илүү тодорхой болгох, зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго, зорилтуудад нийцүүлэн сайжруулах, төрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, уялдааг хангах, цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.  


Радио долгионы салбарын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг тодорхой болгох, радио долгионы хуваарилалт, ашиглалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам, зохицуулалтуудын баримт бичгүүдийг батлах эрхийг олгох, радио долгионы хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Радио долгоионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим нэр томъёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг зааглан, салбарын удирдлага, зохион байгуулалтын давхардал, илүү шат дамжлагыг арилгахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Мөн шуудангийн салбарт шинээр нэвтэрч байгаа интернэт болон цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологитой холбоотой харилцааг хэрхэн зохицуулахыг тодорхойлсон байна. Түүнчлэн шуудангаар үйлчлэгчид шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хэрхэн хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжээнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүргийг хүлээлгэж, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.10.16

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл