Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.20) Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга оролцов.
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Тус хуулийг баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бүрэн нийцсэн шүүх засаглалыг бэхжүүлэх нөхцөл бүрдсэн. Тодруулбал, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгож, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг улам бүр баталгаажуулсан шүүх эрх мэдлийн эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд хэллээ.
ШЕЗ, ШСХорооны сонгон шалгаруулалтад оролцох 50 гаруй хүсэлтийг ирүүлжээ
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, хуулийн хэрэгжилтийг хянах шалгах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт уулзалтын эхэнд танилцуулав. Үндсэн хуульд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар тодорхой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэлээ. Улсын Их Хурлаас томилох нийт 10 орон тоон нээлттэй сонгон шалгаруулалтад 50 гаруй хүний материал хүлээн аваад байгаа аж. Тус үйл ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн аваагүй тул дээд суудлын хуралдаан болох ёстой бөгөөд эл хуралдааныг хүлээж байгаа гэв. Түүнчлэн Үндсэн хууль дахь “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн заалтын дагуу, шүүх байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн ирэх оны төсвийг Улсын Их Хурал хянаж, түүнийг нь Засгийн газар, Сангийн яам нэгтгэдэг байх зохицуулалтын дагуу гүйцэтгээд байгаа талаар мэдээлэл өгч, дэлгэрэнгүй танилцуулга хийсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй…” гэж заасны дагуу өнөөдрийн уулзалт албан ёсны тэмдэглэлтэй явагдаж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж хэлсэн. Хуульд туссан, шүүгчийг нөлөөллөөс хамгаалах агуулга бүхий олон улсын энэхүү сайн жишгийг бүх шатандаа хэвшүүлэн ажиллахыг энэ үеэр сануулж байлаа.
Монгол Улсын хэмжээнд анхан шатны болон давж заалдах шатны 116 шүүхэд 500 шүүгч ажиллаж байгаа ба үүнд 41 шүүхийн Тамгын газар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд мэдээлэл судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжилттэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээллийг өглөө. Хуульд Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгохоор хуульд заасны дагуу энэ оны гуравдугаар сарын 01-15-ны өдрийн хооронд нийт шүүхийн Ерөнхий шүүгчээ сонгосон байна. Мөн шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг батлахаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлээд байгаа гэв. Өөрөөр хэлбэл, эл шалгуур үзүүлэлтийг баталсны дараа Засгийн газарт холбогдох саналаа хүргүүлж, Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг болох тойргийн болон дагнасан шүүх байгуулах юм байна. Шүүхийн захиргааны чиглэлээр үйлчилж байгаа дүрэм, стандарт, аргачлалыг дээрх хуульд нийцүүлэн боловсруулах ажлыг хуваарь гарган гүйцэтгээд байгаа юм байна. Нийт 50 гаруй баримт бичиг батлахаас зургааг нь баталж, үлдсэн дүрэм, журам, стандарт, аргачлалыг боловсруулсан байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл томилогдсоны дараа хэлэлцэж, батлахад бэлэн болоод байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Ирэх оны төсвийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хянуулсны дагуу хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүлээд байгаа гэв. Ирэх оны төсвийн төсөлд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын дагуу шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудын, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг нэмэгдүүлэхээр, шүүгчийн цалингийн нэмэгдлийн тооцоог тусгасан байна.
Хуулийн 20 дугаар зүйлд нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах талаар заасан бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнөөдрийг хүртэл 8 удаар хуралдаад, 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар ажиллаж байгаа гэв.
Үргэлжлүүлэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсээд байгаа бэрхшээлүүдийн талаар Э.Батбаяр дарга танилцууллаа. Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сахилгын хороо байгуулагдаагүйн улмаас энэ төрлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэв. Мөн шүүгч нарыг шилжүүлэн томилох бололцоог хуулиар хязгаарласан учраас боловсон хүчний нөөц хуваарилалтад бэрхшээл үүсээд байгаа талаар мэдээлэл өгсөн. Хуульд "сэлгэн ажиллуулах” гэсэн шинэ арга хэлбэрийг тодорхойлсон, холбогдох судалгаа, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа, гэхдээ шүүгчийг шилжүүлэн томилох боломжийг хуульд нээж өгөх асуудлыг тэрбээр хөндлөө.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц эс үйлдлээрээ шүүхийн шинэтгэлийг гацааж байна
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжээд зургаан сар болсон, энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах ажил гацаад байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. Цэцийн дээрх дүгнэлтийн талаарх шийдвэрээ Улсын Их Хурал тавдугаар сард гаргасан байхад Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл дээд суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм байна. Цэцийн энэхүү эс үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл; шүүгчийн алдаа оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг "шударга ёсны араа шүд" болж байх ёстой хоёр байгууллага нь байгуулагдаж чадахгүй өнөөдрийг хүрээд байгааг хэллээ. Тиймээс шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц энэ сард багтаан дээд суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Мөн тэрбээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хөндсөн. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүй байгааг шүүмжиллээ. Мөн хуулийн 22 дугаар зүйл буюу шүүхийн шийдвэрийг ил тод, нээлттэй, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр тухай бүр олон нийтэд мэдээлдэг, бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулах, шүүхийн шийдвэрийг эмхэтгэн хэвлэх заалтууд хэрэгжихгүй байгааг Улсын дээд шүүхийн төлөөлөлд анхааруулсан. Шүүх шударга ёсыг сахиулдаг, харин шударга ёс олон нийтийн итгэл дээр тулгуурладаг гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэлээд “Шүүх нээлттэй, ил тод, ойлгомжтой, үндэслэлтэй шийдвэрээр дамжуулан олон нийтийн итгэлийг олно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн нэн чухал ач холбогдолтой энэ заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байна” хэмээн анхааруулав. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хорооны байр, орон тоо, төсвийн асуудлыг Засгийн газар, холбогдох талууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэх, нийт шүүгчдийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах зэрэг саналыг тэрбээр хэлсэн.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулав. Хуулийн шинээр тусгагдсан зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн танхимуудын бүрэлдэхүүнээ шинэчлэн, үүссэн байсан тодорхой бэрхшээлүүдийг шийдвэрлээд байгаа гэлээ. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойрын хугацаанд саналыг хүргүүлэхээр төлөвлөөд байгаа гэдэг мэдээллийг тэрбээр өгөв. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасан. Эл хүрээлэнг байгуулах ажлыг зохион байгуулаад байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг мэдээлэх, олон нийтэд түгээх ажлыг хүрээлэнгээр дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэв.
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангахаар Улсын Их Хурал шүүхийн шинэтгэлийг хийсэн. Шүүх засаглалыг аливаа улс төрийн хүрээлэл, тодорхой улстөрчийн нөлөөллөөс ангид байлгах зорилгоор хийсэн эл шинэтгэл ийнхүү гацаад байгааг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат дурдаад, төрийн аливаа үйл ажиллагааг тодорхой цаг хугацаатай болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг хэлсэн.
УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан: УИХ-ын жишгээр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа цахимжуулан тасралтгүй ажиллах боломжтой
Иргэдийн шударга ёсны хүсэмжлэлд хариу болгох шаардлагын үүднээс тал бүрээсээ зөвшилцөж, олон нийтээрээ хэлэлцүүлсний эцэст Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхтэй холбоотой асуудлуудыг тусгасан гэдгийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хэллээ. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан ч хэрэгжүүлэх шатандаа гацчихаад байгаа тул шалтгааныг нь нэн даруй арилгах шаардлагатай гэв. Улсын Их Хурал эрх мэдлийн хяналт тэнцлийг нэн тодорхой хуульчлаад байхад гүйцэтгэлийн шатанд, явцын дунд ямар алдаа, гажилт үүсдгийн тод жишээ болж байгааг тэрбээр тайлбарлаж байсан.
Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд тусгасан 12 хуулийг Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд үйл ажиллагаагаа цахимжуулан, хэлэлцэн баталсан. Бусад байгууллага энэ жишгээр үйл ажиллагаагаа цахимжуулан, тасралтгүй ажиллах боломж бий гэдгийг онцолсон. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх чиглэлд талууд хамтран, шаардлагатай зохицуулалтыг хийх нь зүйтэй гэв.
Авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах талаар судалж, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгав
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулан хангах ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд "Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилтуудын нэг" хэмээлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хууль засагладаг эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт онцгой, чухал ач холбогдолтой. Иймээс баталсан хуулийнхаа хэрэгжилтийг өнөөдөр хянан хэлэлцэж, учирч буй саад бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо. Нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах шаардлагатай. Олон жилийн турш бид бүгдийн ярьж ирсэн “Шударга бусын хонгил”-ыг нураах зорилгоор, шүүх засаглалыг нэг албан тушаалаас хамааралтай байдаг байдлыг халах зорилготой заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тус зөвлөлийг олон улсын жишгээр нийтэд ил тодоор, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байгуулах юм. Хамгийн гол энэ заалт хэрэгжихгүй байгаа нь шүүхийн нэр хүндийг ч бууруулж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах эл зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулна" гэсэн юм. Уулзалтад оролцогчдын гаргаж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Эдгээр хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэн, баталснаар Монгол Улсын шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм байна.
"Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ" гэж тусгасан. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар олон улсын жишгийг судалсны үндсэн дээр Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд төслийн сонгон шалгаруулах зарчмыг нийт төрийн алба баримтлах нь зүйтэй гэв. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн албанд шилдгүүдийг ШИЛЖ, СОНГОН ажиллуулах боломжгүй байгаа учраас дээрх хууль, журмыг гаргаж байгаа гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон шүүгч нарын сонгон шалгаруулалтдаа ч дээрх зарчмыг баримтлах чиглэл өглөө.
Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдсан зохицуулалтуудыг хэрэгжүүлж, хэвшихийг сануулав. Тодорхой албан тушаалтнуудтай уулзахдаа нээлттэй, ил тодоор, албан ёсны тэмдэглэл хөтлүүлж, дараа нь түүнийгээ архивт хадгалуулах нь хараат бус байдлыг бэхжүүлэх, эрх зүйт төрийн үндэс гэдгийг онцолсон юм. Тиймээс ч энэ удаагийн уулзалтыг олон нийтэд нээлттэй, албан ёсны бүрэн тэмдэглэлтэй, хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэгжүүлж зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдлаа. Бүх шатны шүүгч нар эл зохицуулалтыг ягштал хэрэгжүүлж хэвших ёстой гэдгийг тэрбээр хэлсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид таван төрлийн сахилгын шийтгэл оногдуулдаг болсон. Шүүгч нар санаатай болон санаандгүй байдлаар ямар нэг зөрчил гаргахгүй байхад онцгойлон анхаарч, дор бүрнээ хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстойг мөн сануулж байв. Улсын Их Хурлын дарга, нийт шүүгчдийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын эхээр Төрийн ордонд зохион байгуулах Б.Энхбаяр гишүүний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Шүүх байгуулах асуудлыг нэн яаралтай Засгийн газраар дамжуулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Тэрбээр "Авлигалын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигалын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг" гээд авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болголоо.
Улсын Их Хурал онцгой нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд холбогдох хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн талаар дурдаад "Үндсэн хуулийн цэц цар тахлын нөхцөлд цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй" хэмээлээ.
Төгсгөлд нь шүүх засаглал шинэтгэлийг бодитой хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг ханган баталгаажуулахад онцгой анхаарч ажиллахыг хүсээд "Төр цэгцэрвэл улс хөгжинө, шүүх цэгцэрвэл шударга ёс тогтоно. Ажлын амжилт хүсье" гэв.
Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Цогтсайхан нарын албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.