Цэс

Холбоо барих

Хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэх асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод энэ сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар шийдвэрлэсэн юм. Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.

Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар Байнгын хороо болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа юм билээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм гэдгийг хэллээ.


Мөн төсөл санаачлагч гишүүдийн нэг-Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-нд зөвлөмж гаргаж, хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээн авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах зөвлөмж өгсөн. Энэ үндсэн дээр дуусгавар болоод байсан хуулийн хугацааг хоёр жилээр дахин сунгах асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа юм. Ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох хувилбарыг тооцоолж оруулсан. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм. Энэ хуулийн төсөлд заасан хоёр жилийн хугацаанд цагаатгуулах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээр хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах ажил үндсэндээ дуусгавар болох юм гэсэн нэмэлт тайлбар өгөв. Түүнчлэн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн юм.

Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэл нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.


Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн гэр бүл, үр хүүхдэд улсаас зохих нөхөх олговор олгох талаар Улс Их Хурал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагаатгах ажлыг эцэс болгохоор шийдвэрлэлээ. Цаашид хэлмэгдүүлэлтийн аливаа хэлбэрийг дахин гаргуулахгүй байхад төрөөс онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод төсөл санаачлагч гишүүд болон Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв.   

Энэ хуулийн төсөл батлагдсанаар уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтжээ.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар Байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан хуулиар шинэ Үндсэн хуулийг батлалцсан 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатуудыг нэмж оруулахаар болсон. Тэдэнд олгох нэмэгдлийг 2018 оны улсын төсөвт суулгасан. Иймээс уг хуулийг хэрэгжүүлэх зохицуулалтыг хангах үүднээс энэ төслийг боловсруулсныг Байнгын хороо дэмжиж буйг хэллээ.

Харин Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн хэмжээ бага байгааг хүлээн зөвшөөрч байна. Улсын хэмжээнд тэтгэвэр авч байгаа 381 мянган ахмадын 60 хувь нь бага тэтгэвэр авдаг, тэдний 230 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. Иймээс арилжааны банкуудтай ярилцаад тэтгэврийн зээлийг хүүг жилийн 12 хувь болгох, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсан. Цаашдаа тэтгэврийн зөрүүг багасгах, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг амьжиргааны түвшинд ойртуулах, боломжтой бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр тохиож байна. Энэ өдрийн өмнө Улсын Их Хурал чухал шийдвэр гаргаж, Үндсэн хуулиа батлалцсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа нэмэгдэл олгохоор боллоо. Энэ төсөлд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 238 хүн хамрагдахаар болж байгаа юм гэдгийг тодотголоо.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болж байгаа юм.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар Байнгын хорооноос гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив.


Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 65.5-69 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хэлэлцэж дэмжжээ. 


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар Байнгын хорооны Ажлын хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хурлдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалтын “Монголбанкны Ерөнхийлөгч нэр дэвшүүлж” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвүүүлж” гэж өөрчлөн “4/сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй” гэснийг хасахаар тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно“ гэснийг “6.Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг “5.Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.5-70.9 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл