Цэс

Холбоо барих

НББХ-ны дарга М.Оюунчимэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэн явц байдал, хэрэгжилттэй танилцлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр /2021.08.20/ Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, тус эмнэлэг гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоонд шилжсэн үйл явц, байдалтай танилцлаа.  


    Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж буй бөгөөд тус ажлын хэсгийн зорилгын хүрээнд ийнхүү ажилласан юм. 

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Хишигжаргал эмнэлгийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Тус эмнэлэг анх 1925 онд 15 ортой, Ардын эмнэлэг нэртэйгээр байгуулагджээ. Тус эмнэлэг нь өнөөдөр амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр өндөр нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдэд үзүүлж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал 245, ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал 24,  элэг шилжүүлэн суулгах мэс засал 130 хийгджээ.  

    Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус эмнэлэгт ажиллахдаа 2020 оны наймдугаар сард Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар баталсан Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн дагуу хэрэгжиж буй иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн буюу гүйцэтгэлээр  санхүүжих тогтолцоонд шилжсэн явц байдал, хэрэгжилттэй түлхүү танилцлаа. Тус эмнэлгийн 2020, 2021 оны оны эхний хагас жилийн харьцуулсан үзүүлэлтүүдээр 2021 оны эхний хагаст орлого нь нэмэгдэж, нэмэгдсэн орлогоосоо эмч, ажилчдынхаа цалинг 20 хувь нэмсэн байна. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдынхаа илүү цаг, нэмэгдэл хөлсийг ч зохих хэмжээгээр нэмэгдүүлж чаджээ. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/53 тоот тушаалаар тус эмнэлэг хагас бие даасан байдалд шилжин, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ баталснаар гүйцэтгэлээр санхүүжсэн орлогоосоо цалингаа нэмэгдүүлэх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргаж, хэрэгжүүлсэн байна. Үүнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг гүйцэтгэлээр  санхүүжих тогтолцоонд шилжсэнээр гарсан сайн жишиг гэж үзэж буйгаа илэрхийлээд гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжсан шинэчлэлээс ухрах ёсгүйг та бүхний үйл ажиллагаа, амжилт харуулж байна гэж байр сууриа илэрхийллээ.   


    Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэрээ эмч нартай мөн уулзаж, санал бодлыг нь сонслоо. Элэг шүлжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг Ковидын улаан бүс болгосноор эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж буй хүмүүсийн амь насанд аюул учирч байгааг тайлбарлаж, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барихад УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэсэн бол Гастроэнтерологийн төвийн дарга О.Баярмаа гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоо үр өгөөжтэй буй нөхцөл байдлын талаар мэдээлэл, санал хэлэв.  


Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр, Бөөрний төвийн дарга Д.Чулуунцэцэг, Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат, Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн нар мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулж, тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дэвшүүллээ. Эмнэлгийн дарга болон эмч нар хэлсэн үгэндээ Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ТЭЗҮ батлагдсан учир тус төвийн ажлыг эхлүүлэх төсөв, санхүү, хил гааль, ачаа тээврийн үйлчилгээний доголдолтой холбоотой гэрээт ханган нийлүүлэгчдийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж буйг шийдвэрлэх, төлбөртэй тусламж үйлчилгээний үнэ тарифийг өөрчлөх, “Ковид-19” тусламж үйлчилгээний онцлог, үйлчлүүлэгчдийн санхүүжилтийг зөв шийдвэрлэх, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолд зарим өвчний бүлгийн санхүүжилтийг багаар бодсонтой холбоотой зарим тусламж, үйлчилгээгээ явуулж чадахгүй байдалд хүрээд буй тул тус тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг тулгамдсан асуудлуудаа танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлт тавив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл