Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.06.10/ Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банк /АХБ/-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд Монгол Улсад анх удаа зочилж буйгаа дуулгаад, эрхэмсэг ноён Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж буйд баяртай байна гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 20 жилд АХБ-ны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэхийг хүсч байна хэмээн уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр, АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төсөл хэрэгжүүлээд байна. Энэ нь Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шинэчлэлийг бий болгосон. Бид АХБ-тай цаашид бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй, Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг тэмдэглэн, талархал илэрхийлэв. Түүнчлэн, манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч өсөлт бууралт нь нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс хамаардаг эрсдэлтэй, иймд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа хамтран эдийн засгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт тулгуурлан солонгоруулах зорилттой байна. Манай орны эдийн засаг сэргэж, 2019 оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 8.6 хувьд хүрээд байна гэлээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн баригдсан болохыг дурдаж, хуульд орж буй өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өглөө. Уулзалтад Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломен, Азийн хөгжлийн банкны дэд суурин төлөөлөгч Деклан Мааги нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.