Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр (2021.08.24) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ниймгийн бодлогын байнгын хороонд харъяалагдаж байсан Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь одоо Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл, цар хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байна гэж уулзалтын эхэнд танилцуулав. Тэрбээр, тус дэд хорооны үйл ажиллагаа, хамрах цар хүрээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлын дэргэдэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Тус нэгж платформыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүрэлдэхүүнтэй байгуулснаар тогтвортой хөгжлийн бодлогыг улам эрчимжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэв.
Түүнчлэн, хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн ахлах ангийн сурагчдаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар дуулгав. Нэн тэргүүнд уур амсьгалын өөрчлөлтийн талаар сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулна. Ингэснээр Монгол Улсын Их Хурал хүүхэд, залуучуудынхаа үзэл бодол, байр суурь, эрмэлзэл, мөрөөдлийг нь сонсдог, хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага болно гэдгийг онцлов.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Улсын Их Хурлаас Өсвөрийн парламент байгуулж, Монгол Улсын хөгжилд хүүхэд, залуучуудыг татан оролцуулж байгаа нь чухал болохыг сайшаав. Тэрбээр, бүх нийтийн хөгжил дэвшлийг хангахад чиглэгдсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол хүч нь залуучууд бөгөөд цаашид ч тэд манлайлагч байх болно. Иймд тус байгууллагаас бүхий л бололцоогоор дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн форумыг зохион байгуулах дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Талууд боловсрол, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв.