Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр (2022.04.18) зохион байгууллаа.
Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдсэнээр сонсгол 12 цаг 50 минутад эхлэв. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл даргаллаа. Даргалагч сонсголын зорилго болон дэгийг танилцуулснаар нэр дэвшигч Х.Буянжаргал, Б.Баяраа, Р.Сансармаа нарын талаар товч мэдээллийг өгөв.
Үргэлжлүүлэн нэр дэвшигчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ямар ажил хийж чадах, хэрхэн ажиллах талаараа 10 минутад багтаан танилцуулсан.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Хуяг овогтой Буянжаргал нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдвол албан журмын даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчдыг төлөөлж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зэргээр ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр мөн Нийгмийн даатгалын сангийн “Капитал” банканд хадгалуулж байгаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх талаар идэвхи зүтгэл, санал санаачлага гарган ажиллахаа илэрхийллээ.
Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Бархас овогтой Баяраа нь Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Хэрвээ томилогдвол нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэврийн болон олон тулгуурт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зэргээр ажиллахаа илэрхийлэв.
Монголын ажил олгогч эздийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Рэнцэндорж овогтой Сансармаа нь бизнесийн удирдлага мэргэжлээр Санхүү эдийн засгийг дээд сургуулийг төгссөн. 2000 оноос хойш өнөөг хүртэл “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Хэрвээ томилогдвол хувийн хэвшлийн салбарт, тэр тусмаа эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарт 2000 оноос хойш ажилласан туршлага, мэдлэгтээ үндэслэн холбогдох хууль эрхзүйн актуудад санал өгөх, нийгмийн даатгалын бодлогод ажил олгогчдын саналыг тусгуулах, мөн өөрийн гишүүнчлэл бүхий МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын гишүүдийн мэдээлэл солилцох гүүр болж ажиллах боломжтой гэлээ. Тухайлбал, сүүлийн долоон жилээр тэтгэвэр тогтоож буй аргачлалыг таван жилийн дунджаар бодох талаар санал өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 18-23 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны болон сурагчийн ширээнээс ажлын байранд шилжиж буй залуучуудын даатгалын хураамжийг эхний таван жилд тэглэх, цаашид нас насны хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын ялгаатай тогтолцоонд санал өгөх зэргээр ажиллахаа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гишүүдийн олонхын саналаар томилогдсон Д.Далхжав дүгнэлтээ танилцууллаа. Дүгнэлт гаргахдаа нэр дэвшигчид хэдэн жил хэр зэрэг тогтвортой ажилласан, байгууллага нь ямар үндэслэлээр дэвшүүлсэн болон тухайн нэр дэвшигчийн мэргэшил, туршлага, ур чадвар зэргийг харгалзсаныг тодотгов. Тэрбээр нэр дэвшигч тус бүрийн талаар гаргасан дүгнэлтээ танилцуулсан.
Нэр дэвшигчдийн танилцуулга, хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Ч.Ундрам нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэр дэвшигч Х.Буянжаргал, Б.Баяраа нараас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах онолын мэдлэг, дадлага туршлагатай эсэх, өмнөх гишүүдийн гаргасан алдаа дутагдлыг давтахгүй ажиллаж чадах эсэх талаар тодруулж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам гишүүн хөдөлмөр эрхэлж байгаа олон мянган даатгуулагч, ажил олгогчийг төлөөлнө гэдэг маш хариуцлагатай ажил гэдгийг тодотгоод нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргасан хараат бус шинжээч Д.Далхжаваас дүгнэлт гаргасантай нь холбогдуулан асуулт асууж, хариулт авав.
Мөн нэр дэвшигч Х.Буянжаргалаас Нийгмийн даатгалын сангийн “Капитал” банканд хадгалуулж байгаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх ямар санаачилга гаргаж ажиллахыг, нэр дэвшигч Р.Сансармаагаас нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулах талаар яаж ажиллахыг тодруулж, хариулт авав.
Үргэлжлүүлэн Сонсголын дэгийн дагуу сонсголд оролцогч иргэн Г.Хонгор, Ц.Товуусүрэн, П.Бямбацэрэн нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Оролцогч Г.Хонгор өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын системд хуримтлагдсан болон тулгамдсан асуудлыг хэрхэн хардгийг нэр дэвшигчдээс тодруулсан бол оролцогч П.Бямбацэрэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаална гэдэгт юуг ойлгож буй талаар болон сүүлийн үед давалгаа шахам болоод байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудалд ямар байр сууринаас ханддагийг тодруулж, хариулт авлаа. Ингэснээр сонсголын дэгийн дагуу оролцогчид үг хэлсэн. Оролцогч иргэн Г.Хонгор, Ц.Товуусүрэн болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн нар үг хэллээ. Оролцогч Ц.Товуусүрэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд гурван талыг төлөөлдөг ч үндэсний эрх ашиг, даатгуулагчийн эрх ашиг, ажил олгогчдын эрх ашиг гэсэн гурван эрх ашгийн огтлолцол дээр шийдвэр гаргана. “Би даатгуулагчийн төлөөлөгч учир даатгуулагчийн эрх ашгийг дагнан хамгаална” гэж ажиллаж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэр дэвшигчид болон оролцогчид Нийгмийн даатгалын сангийн менежментэд шүүмжлэлтэй хандаж байна. Тулгарч буй бэрхшээлээс бид даатгалын тогтолцоог өөрчлөх ч юмуу хувьсгал хийснээр гарахгүй гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд даргынхаа амыг харж, шийдвэр гаргадаг байсан, үүнийгээ болих хэрэгтэй. Яваандаа салбарын сайд Үндэсний зөвлөлийг даргалдгийг болиулж, зөвлөлийн гишүүд дотроосоо даргаа сонгодог байх нь зөв хэмээлээ.
Сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохдоо гурван үе шаттайгаар сонгон шалгаруулдаг тогтолцоонд шилжиж байгаа болон нэр дэвшигчдийг томилох эсэхийг цаашид Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэхийг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.