Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа

     Улсын Их Хурлын гишүүн, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан өнөөдөр (2022.05.16) Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа.

    Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий хүүхэд хамгааллын үйлчилгээ, сургалт, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоо, цахим үйлчилгээ, статистик мэдээллийн чанар, үр дүнгийн талаар танилцуулав. Түүнчлэн цаашид тус газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар Ажлын хэсгийнхэнтэй санал солилцсон.  

   Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ анхан шатанд ажиллаж байгаа төр болон хувийн хэвшлийнхэн дуу хоолойгоо нэгтгэн хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, холбогдох хууль тогтоомжид тусгах санал дүгнэлтийг төсөл боловсруулан, идэвхтэй ажиллахыг хүсэв. Мөн тэрбээр, Монгол хүний хөгжлийн бодлого, уламжлалт зан заншил, түүх соёлоо дээдэлсэн Монгол дотортой, ёс жудагтай хүн бэлтгэх ажилд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл санаачилгатай ажиллахыг тодотгоод хяналт, шалгалтын санал, дүгнэлтээ Байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж ажиллахаа илэрхийлэв. 


    Ажлын хэсгийн уулзалтад Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл