Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллалаа

  2018-10-24 10:05  216


    Улсын Их Хурлын Байгаль орчин,  хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, намрын ургац хураалттай танилцлаа. Уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат, Д.Мурат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон тус яамны газар, хэлтсийн удирдлагууд, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, мөн Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо. 

    Ажлын хэсгийнхэн эхлээд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллав. Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор "Монгол мал" үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад оруулсан.


    Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гэдгийг танилцуулав.
    Тус төвийн генийн санд дөрвөн үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, найман үүлдрийн бухны 37086 тун, нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удам зүйн дэвшил түгээдэг байна. 


    Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг урт хугацаанд үр ашигтай байлгахын тулд үйл ажиллагааны төлөвлөлтийг сайн хийж, хууль эрх зүйн хувьд илүү тодорхой, тогтвортой байлгах ёстойг анхаарах шаардлагатай гээд тодорхой саналуудаа яаралтай оруулж ирвэл Байнгын хорооны гишүүний хувьд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Засгийн газар зорилтуудаа маш тодорхой болгосны үр дүнд бодлогын томоохон алхмуудаа зоригтой хийж байгаагийн нэг жишээ бол энэ цогцолбор юм. Дэлхий биднээс шинжлэх ухаанчаар хөгжихийг шаардаж байгаа энэ үед маш хүнд нөхцөлд байгаа малын удам зүй, үүлдэр угсааны асуудал дээр оройтсон ч гэсэн шийдвэр гаргаж, ажил эхэлж байгаа нь сайн хэдий ч хурдтай ажиллаж, хуулийн зохицуулалтаа урт хугацаанд хэрэгжих бодлого болгож хийх ёстой гэж байлаа. 

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготойг илэрхийлээд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж байхыг Байнгын хорооны  гишүүдээс хүслээ.


    Ажлын хэсэг Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат суманд ажиллаж, ургац хураалтын явцтай танилцахдаа, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэв. Тухайлбал, энэ оны 07 дугаар  сарын сүүлч, 08 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэн орсон бороо хур, мөн 09 дүгээр сарын эхэн, дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орж, 30 орчим мянган га буудай ногоон тэжээл рүү шилжсэн байна. Үүнтэй холбогдуулаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Онцгой байдлын Ерөнхий газарт өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээлийг авах тухай санал хүргүүлжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Засгийн газрын 10 дугаар 10-ны өдрийн ээлжит хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс Ерөнхий сайд, Онцгой байдлын ерөнхий газарт хандан тодорхой хэмжээнд ногоон тэжээлд шилжиж буй буудайг улсын нөөцөд худалдан авахыг хүссэн. Тиймээс бид газар дээр нь танилцаж, хяналт, шалгалтын дүн гарсны дараа улсын нөөцөд хэдий хэмжээний ногоон тэжээл, үрийн улаан буудай авах эсэхээ шийднэ гэдгийг хэллээ.

    Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь  “Атар трейд” ХХК-ийн  ургац хураалт,  мөн суманд баригдаж байгаа тариалангийн талбайн хашаажуулалт, “Гацуурт” ХХК-ийн ургац хураалт, эрчимжсэн мал аж ахуй, Зүүнбүрэн сум дахь “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

    Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж танилцсан болон энэ салбарт тулгамдаж байгаа хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэх талаар ХХААХҮЯ-тай хамтран тусгай төлөвлөгөө боловсруулж, Байнгын хороонд танилцуулахаар болов.


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо


  2018-10-24 09:49  216