“Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих” УИХ-ын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2021.05.12/ хуралдлаа. Хуралд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нар танхимаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, П.Анужин, Т.Энхтүвшин нар цахимаар оролцов.
Хурлаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан дэд ажлын хэсгийн Монгол орны хөрсний онцлогт тохирсон технологийн танилцуулгыг сонсов. Үүний дараа УИХ-ын ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Улсын хэмжээнд 819 ЕБС, цэцэрлэг дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-аас 2021, 2022 онд нийт 100 тэрбум төгрөгний төсвийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж байгаа ба БШУЯ сонгосон технологийн дагуу тендер шалгаруулах үйл ажиллагаа явагдах юм.
2021 онд 16 аймгийн 101 сумын 450 боловсролын салбарын барилгын ариун цэврийн байгууламж шинэчлэгдэж 9 сарын 1-нд ашиглалтад орох юм байна. 2022 онд дараагийн ээлжийн ажлууд үргэлжлэн хийгдэх учиртай. Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрдүүлэхийн тулд энэ ажлыг чанарын өндөр түвшинд хариуцлагатай гүйцэтгүүлэх, тендер шалгаруулах үйл явцыг хүнд суртал, төвөг чирэгдэлгүй шуурхай зохион байгуулахыг УИХ-ын ажлын хэсгийн гишүүд санууллаа. Эхний барилгын ажил гүйцэтгэх явцад аймгуудад очиж үйл явцтай нь танилцаж ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.