“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 5 дугаарын тойм

  2021-02-17 11:39  138


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн. 

Уг  хууль 16 бүлэг, 118 зүйлтэй бөгөөд зарчмын асуудлуудыг тусгасан байна. Тухайлбал, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж уг зөвлөлийг орон тооны 10 гишүүнээс бүрдэхээр тусгаж, шүүгч 5 гишүүнийг хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр 2 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдэх Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурлаас томилохоор хуульчилсан. 

    Мөн шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журмыг олон нийтэд нээлттэй, ил тод байхаар буюу шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авах журмыг нарийвчлан, тодорхой тусгаж, шүүгчид нэр дэвшигчийн оноог Шүүхийн ерөнхий зөвлөл цахим хуудастаа байршуулж, нийтэд мэдээлэх, шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар олон нийтээс санал авах, Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан шийдвэр, ажлын тайлангаа цахим хуудастаа тогтмол байршуулахаар зохицуулжээ. 

    Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж, уг хороог орон тооны 9 гишүүнээс бүрдэхээр тусгаж, шүүгч 4 гишүүнийг хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 2, анхан шатны шүүхээс 1 шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр  Улсын Их Хурлаас томилохоор тусгасан төдийгүй Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавигдах шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийхтэй адил байхаар хуульчилсан байна. 

Хуульд шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд нэг бүрчлэн тодорхой тусгаж, шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн шийтгэлээс зөрчлийн шинж, хэр хэмжээг харгалзан оногдуулахаар тодорхойлж, тухайн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах боломжийг нээхийн зэрэгцээ сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан зохицуулалтыг тусгажээ.

Хуульд шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах дэвшилтэт зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд бууруулахгүй байх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахгүй байх, шүүхийн төсвийг боловсруулж батлуулахад уг хуульд заасан зарчмыг заавал баримтлах, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр хуульчилсан байна.

    Шүүгч шүүн таслах чиг үүргээ хэнээс ч хараат бусаар явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн албан тушаалтан шүүгчтэй албан ажлаар уулзсан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй хуралдаж Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгасан. 

    Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах зарчмын хүрээнд хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болохоор, мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар өмнө дурдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлаж байхаар, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар болон Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн Улсын дээд шүүхийн шийдвэрийг     “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэхээр хуульчилсан зэрэг олон зохицуулалтыг тусгасан байна. 

Мөн энэ дугаарт Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан эсэх талаар  тогтоолтой дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



  2021-02-10 11:22  138