Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 30 дахь дугаарын тойм

“Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авбал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дэх заалт хамаарахгүй болно” гэсэн нэмэлтийг Засгийн газар Журамд нэмэлт оруулах тухай тогтоолоор оруулжээ. Энэ тогтоолыг өнөөдөр хэвлэгдэн гарч буй “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэллээ.

Мөн дугаарт, “Арьс, ширний үйлдвэрлэлийн төсөл дэмжих тухай” Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Үүгээр “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд заасан “сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд” олгох эх үүсвэрээс 5.0 /таван/ тэрбум, “ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд” олгох эх үүсвэрээс 15.0 /арван таван/ тэрбум, “оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд” 10.0 /арван/ тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлж, арьс, ширийг гүн боловсруулах болон түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд зориулан арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдан зөвлөл /Б.Шинэбаатар/-д зөвшөөрсөн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын өөр нэг тогтоолоор, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтаар үржүүлэх болон сэргээн нутагшуулах зорилгоор гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар тахь адуу, цаа буга, азийн минжийг улсын хилээр оруулахад гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсөн байна

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Засгийн газрын тогтоолыг эмхэтгэлд нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл