Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

  2014-01-27 00:00  208
2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13.40 цагаас “А” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат, С.Дэмбэрэл, Д.Зоригт Г.Батхүү, Н.Батцэрэг нар болон холбогдох албаны хүмүүс байв.

Уг хуралдаанаар өмнөх ажлын хэсгийн хуралдаанаар ярьсан зарчмын зөрүүтэй болон найруулгын санал дээр нэмж “гэрээлэгчийн захиргааны зардал нь тухайн жилийн өртөг нөхөх зардлын 5 хүртэлх хувь байна”, төслийн 7.1.15 дахь “ төрийн өмчийн оролцоотой газрын тос, уламжлалт бус газрын тосны үндэсний компани байгуулах асуудлыг шийдвэрлэх”, мөн төслийн 8.1.9 дахь “улсын төсвийн хөрөнгөөр хийх эрэл, хайгуулын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг хянаж, хүлээн авах, зарцуулсан хөрөнгийн хэмжээг тооцох журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах”, мөн төслийн 15.2.6дахь заалтаас “...Монгол улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэх, бөгөөд...” гэснийг тус тус хасах, мөн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд бодлогын зөвлөл байгуулж, ажиллуулах гэсэн шинэ заалтыг төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хурааж, Байнгын хорооны хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов.


Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

  2016-09-22 08:27  208