Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.24) хуралдаан 10 цаг 17 минутад гишүүдийн ирц 57,9 хувьд хүрснээр эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул Байнгын хорооноос хяналт, шалгалтын Ажлын хэсэг байгуулах асуудлыг нэмж хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хариултдаа, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ажлын хэсэг байгуулах асуудлыг 12 дугаар сарын эхээр хэлэлцэхээр төлөвлөснийг мэдэгдэв.
Үргэлжлүүлэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг холбогдох яам, бусад байгууллагын мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор байгуулан ажилласан. Хуулийн төслийн хүрээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэгжтэй хамтраад хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэдгийг дурдсан.
Мөн ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд 13 удаа хуралдаж хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолт, агуулгыг ойлгомжтой болгох тодорхой шинжлэх ухаан, гадаад үг хэллэгийг тодотгох, зарчмын зөрүүтэй болон найруулгын өөрчлөлттэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэж байлаа.
2020-2021 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг судалгаа шинжилгээ болон бусад зориулалтаар 1300 гаруй зүйл ургамал, 70 гаруй зүйл амьтан хилээр гаргах зөвшөөрөл олгосон. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.
Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ажлын хэсгээс Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд 3.3 дахь “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж, төслийн 4 дүгээр зүйлд 4.1.11 дэх “генетик нөөцийн материал дамжуулах гэрээ” гэж генетик нөөцийн биет дээж, сорьц, материал, үүсмэлийг ашиглах, эсхүл хадгалах талд тодорхой нөхцөлтэйгөөр дамжуулах хэлцлийг;” гэсэн хэсэг, заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн төслийн 6 дугаар зүйлд 6.2 дахь “Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлагч нь тухайн мэдлэгийг энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээ нотлох баримтын хамт төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэсэн хэсэг, төслийн хоёрдугаар бүлэгт “Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг зохицуулсан агуулга бүхий 7 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “8.4.5.энэ хуулийн 15.1-д заасан үр шимийн гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэлт гаргах;, “8.4.6.Генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг тогтоох талаар дүгнэлт гаргах” гэсэн зүйл, “8.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүд чиг үүргийн хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 8.4.3-8.4.6-д заасан судалгааны үр дүн, баримт бичигтэй танилцахын өмнө ашиг сонирхлын мэдүүлэг бөглөнө.” гэсэн заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Төслийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийг хасаж, доор дурдсан агуулгатай 9.8 “Энэ хуулийн 9.6-д заасан бүртгэлийг баталгаажуулсан тодорхойлолтыг төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны алба цахим, эсхүл цаасан хэлбэрээр олгоно.” гэж, төслийн 10 дугаар зүйлд 10.3 “Байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бол тарималжуулна.” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.