Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

  2016-09-08 01:00  390
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2016.09.08/ хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн шатанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа 2016 оны төсвийн гүйцэтгэлийн товч танилцуулга, Үндэсний Аудитын газраас сайд нарын төсвийн гүйцэтгэлийн  танилцуулга хийсэн. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, 2011-2013 онд эхлүүлж байсан сургууль, спорт танхим, номын сангийн барилгууд өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байсаар байна. Барилга эхлүүлсэн компани нь тухайн үедээ төсвөөс бүх хөрөнгө, зардлаа гаруулж авсан байдаг. Төсвийн гүйцэтгэлд хяналт тавьдаг байгууллага, аудитын газар үүн дээр ямар хяналт тавьдаг талаар тодруулж, хариулт авлаа.  2015 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад орж батлагдсан обьектуудын хэрэгжээгүй, хэрэгжиж дуусаагүй обьектын жагсаалт гардаг хэмээн Үндэсний Аудитын газрын дарга А.Зангад хариулт өгсөн юм.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, барилгын норм, дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотойгоор өмнө нь төлөвлөгдсөн, гүйцэтгэгдэж байсан барилга, обьектуудын төсөвт өртөг нэмэгдэн бөгөөд 2012-2013 онд царцаагдсан барилга гэдэг нэр томьёо хэрэглэх болсон. Зураг төсөлтэй холбоотой ажлыг салбарын яам, холбогдох газрууд хариуцдан гүйцэтгэдэг учир БСШУСЯ-аас захиалагч, гүйцэтгэгчийн харилцаа, гүйцэтгэлд хяналт, шинжилгээ хийх боломжгүй. Тиймээс БСШУСЯ-ны зүгээс харьяа барилга, байгууламжуудын барилгын явцтай танилцах, удааширч байгаа шалтгааныг тодруулах зэргээр ажилладаг талаар танилцууллаа. 
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Үндэсний аудитын газар жил бүр Засгийн газарт  Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой зөвлөмж хүргүүлдэг ч огт хэрэгжүүлдэггүй талаар дүгнэлт гаргадаг. Гэтэл Засгийн газар үүнийг нь огт хэрэгжүүлдэггүй байдал жил давтагддаг байдлыг өөрчлөхийн тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай эсэхийг тодруулав. Үндэсний аудитын газар эрх хэмжээнийхээ хүрээнд боломжит бүх арга хэрэгслээ ашиглан нөхцөл байдлыг илрүүлсэн, нотолсон зүйлээ дүгнэлт, зөвлөмж  хэлбэрээр хүргүүлдэг. Акт, албан шаардлага хэлбэрээр зөрчлийг арилгуулж байна. Олон улсын жишгээр бол парламент дээр аудитлагдсан байгууллага, асуудлуудын талаар нийтийн сонсгол зохион байгуулж, үр дүнг хэлэлцдэг. Монгол Улсад ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтийн сонсгол зохион байгуулж байсан хэмээн Үндэсний аудитын газрын дарга А.Зангад хариулт өгөв. Ийнхүү байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  2016-09-22 23:56  390