Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чиганег хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдөр (2022.04.07) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭГ)-ын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чигане, сонгуулийн зөвлөх Кира Кастальдо нарыг хүлээн авч уулзлаа.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭГ)-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тусгай хороог 2021 оны тавдугаар сарын 25-нд байгуулсан бөгөөд тус хороог хатагтай Лолита Чигане удирдан ажилласан юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат АИХЭГ-ын Сонгууль ажиглах тусгай хорооноос 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан талаарх тайланг хэлэлцэх завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд сонгуулийн эрх зүйн орчин, үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэмдэглэв.

Тэрбээр, “Монгол Улсад сонгуулийн төв байгууллага байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд нийт 34 сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Парламентаас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэчилсэн хууль, эрх зүйн орчинд зохион байгуулсан. Удахгүй Улс төрийн намын тухай болон намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Сонгууль ажиглах тусгай хорооны тайланд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, зохион байгуулалт, сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын бүртгэл, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал, санал гээгдсэн эсэх асуудлыг нарийвчлан тусгасан байсан.

Мөн Улсын Их Хурал сонгуулийн хууль, тогтоомжийг оролцогч талуудтай хэлэлцэж, шинэчлэх талаар тусгасан байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын дараагийн сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байх зохицуулалттай. Парламентад суудалгүй намуудаас сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаарх санал, шаардлагуудыг ирүүлж байгаа. Тиймээс холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлага үүсэж байна. Магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч яригдана. Иймд бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, олон намын төлөөлөл бүхий сонгодог парламентыг төлөвшүүлэхэд бусад улсын туршлагаас судлах, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газартай хамтран ажиллана.” гэлээ.

Хатагтай Лолита Чигане цаг гарган хүлээн авч уулзсанд Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд Сонгууль ажиглах тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргасан гэдгийг онцоллоо. Мөн сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулахад зөвлөмж өгч, хамтран ажиллах боломж нээлттэйг тэмдэглэв.

Уулзалтаар талууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнд нийцүүлэх хууль, эрх зүйн шинэчлэл, сонгуулийн тогтолцоо, бусад орны парламентын тогтолцооны талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл