Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавраа баталлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.10/ хуралдаан 10.29 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.


Монгол Улсын Их Хурлын даргын “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 88 дугаар захирамжид заасан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх асуудлын цаглаврыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

Энэ сард тус Байнгын хороо Генетик нөөцийн тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, гаднаас их хэмжээний буудай импортоор оруулж ирснээс тариалан эрхлэгчид хураасан улаан буудайгаа борлуулж чадахгүй байгаа асуудлыг хэлэлцэх, мал, амьтны халдварт өвчин ихэсч байгаа нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, гадагш мал, мах экспортлох боломжийг хааж буй учир мал эмнэлэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх асуудлын цаглаварт нэмэх, тусгай хамгаалалтад газар нутгийг авах асуудлыг хэлэлцэхдээ гишүүдийн саналуудыг нэгтгэх, өмнөх тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох зэрэг саналуудыг гаргасан.


Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, ирэх долоо хоногт улаан буудай худалдан авч нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн гишүүдийн гаргасан бусад асуудлуудыг Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварт багтаан хэлэлцэх боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолыг батлахыг дэмжлээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл