Цэс

Холбоо барих

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоолоо


    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.06.11) өнөөдрийн үдээс хойших нэгдсэн  хуралдаан 14 цаг 00 минутад,  42 гишүүний ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаарх илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцууллаа.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд, дотооддоо халдвар тархсан цаг үед явагдсан нь сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарч, шинэ сорилт болсныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэлдээ дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг 30 улсын 44 дипломат төлөөлөгчийн газарт тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсныг онцлов. 


    Мөн тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 44 салбар  комисс, 2087 хэсгийн хороонд нийт 22300 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2800 албан хаагч ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 5474 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 3137 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн 8500 албан хаагч нийт 42211 төрийн албан хаагч ажилласныг дурдав.

    Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаадын болон олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас ажиглалт хийн үнэлэлт, дүгнэлтээ танилцуулж эхэллээ. Тухайлбал, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай багийн найман орны 11, Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны шугамаар Филиппин улсын Сонгуулийн төв комиссын хоёр, Их Британи, АНУ, Япон, Австрали улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын 39 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг ажилласнаас гадна манай улсад үйл ажиллагаа явуулж буй Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 44 ажиглагч сонгуулийг ажигласныг П.Дэлгэрнаран дарга илтгэлдээ дурдахын зэрэгцээ сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцыг сурвалжилж, мэдээ мэдээллийг шуурхай түгээхэд дотоодын 80 хэвлэл мэдээллийн 450 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд, гадаадын хэвлэл мэдээллийн 13 байгууллагын 16 сэтгүүлч, сурвалжлагчид ажилласан гэв.


    Цаашид гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааг зохион байгуулахад тодорхой хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах шаардлага үүсч байгааг онцлов. Тухайлбал, саналаа өгөх тухай хүсэлт гаргах болон санал авах ажиллагааг цахимжуулж сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдвэр гаргах шаардлагатай. Санал авах ажиллагааны цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, хэсэгчлэн нэвтрүүлснээр саналаа өгөхөд хүндрэл үүсдэг зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой. Улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн салбарын ажилчид, оюутнууд саналаа өгөхөд үүсдэг хүндрэл болох байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байгаа тохиолдолд санал авах ажиллагааг зохион байгуулах бүрэн боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг СЕХ-ны дарга илтгэлдээ дурдлаа. 

    2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын олонх буюу 59,35 хувь нь оролцлоо. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урд өмнөх сонгуулиудтай харьцуулахад сонгогчдын ирцийн хувь бага боловч өмнө явагдсан сонгуулиудын нөхцөл байдлыг харьцуулж үзвэл цар тахлын амаргүй энэ үед сонгогчдын ирц, идэвх, оролцоо өндөр байсан гэж дүгнэсэн. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэхэд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүх 823,326 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 67.69 хувийн санал, Ардчилсан Намаас нэр дэвшсэн Содномзундуйн Эрдэнэ 72,832 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 5.99 хувийн санал, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Дангаасүрэнгийн Энхбат 246,968 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 20.31 хувийн саналыг тус тус авсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран илтгэлдээ тодотгоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа 2087 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон гэдгийг онцлон тэмдэглэв.  


    Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах”, Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.” гэж заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн, Байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр явагдсан ээлжит сонгуулийн санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 59,35 хувь нь оролцож, нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх сонгуульд оролцсон нийт сонгогчдын 67,69 хувийн санал авсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл гаргахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулгадаа онцлов.


Сонгуулийн ерөнхий хорооны илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлэв. Үг хэлсэн гишүүдийн олонх нь энэ удаагийн сонгууль улстөржилт, хэл ам багатай тайван болж, СЕХ ч ажлаа сайн зохион байгуулсныг онцлов. Мөн өмнө нь хяналтын тооллогын 50 хувийг гараар хийдэг байсныг 100 хувь болгож, санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсныг сайшаахын зэрэгцээ цаашид  цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, улирлын шинжтэй ажилладаг салбаруудын ажилчид, оюутнуудын саналаа өгөхөд үүсдэг хүндрэлийг шийдэх, иргэд байгаа газраасаа саналаа өгөх боломжийг хангахад онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ, Энэ удаагийн сонгууль эерэг уур амьсгалтай, улстөрийн бохир сурталчилгаагүй болж өндөрлөж, монголын нийгэм төлөвшиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намууд ч энэ асуудалд хариуцлагатай, соёлтой оролцсоныг цохон тэмдэглэв. Мөн тэрбээр урьд өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд улс төрийн намын харьяаллаасаа болоод хоорондоо зөрчилдөж, түүнээсээ болж ажил гацаадаг тал байсан. Энэ удаагийн гишүүд хуулийн хүрээнд бүгд чармайж, сайн ажиллаж, сонгуулийн зохион байгуулалтад томоохон дэвшил авчирсанд талархлаа илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр, нэг нам, нэг хүн дарангуйлагч болох гэж байна гэж сонгуулийн үеэр их ярьсан. Өмнөх Ерөнхийлөгчид бүх ард түмнээс сонгогдсоны хувьд эдэлдэг улс төрийн нөлөө, Үндсэн хуулиас давсан зарим эрхээрээ улс төр, шүүх, гүйцэтгэх засаглалд хөндлөнгөөс нөлөөлдөг тал байсан. Одоо ийм боломж байхгүй. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ бүх өөрчлөлтийг хийж, намаа уриалж УИХ-аар батлуулсан хүн нь У.Хүрэлсүх өөрөө. Дээр нь Монгол Улсын парламент гэсэн баталгаа байгаа тул монголд цаашдаа дарангуйлагч гарч ирэх нөхцөл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн.

      Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 63 гишүүний 61 нь дэмжив. 

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” тогтоолын төслийг батлав

    Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан. 

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал тогтооно.” гэснийг тус тус үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. 


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнбат танилцуулгадаа онцолсон.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.0 хувь нь дэмжлээ. 

Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн нар тус тус танилцуулсан. 

    Цэцийн дүгнэлтэд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх  Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заасны буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэсэн байлаа. 


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо цэцийн 06 дугаар дүгнэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

    Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэсний “... буюу Цэцийн аль нэг гишүүн .... санал, ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт"... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулгадаа онцолсон. 


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор,  Ц.Сандаг Очир нарын гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь дэмжсэн.


Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан байна. Энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын таван гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.9 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл