УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар хүний эрхийн байгууллагуудад ажиллалаа

  2021-03-16 18:55  502

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар өнөөдөр (2021.03.16) Хүний эрхийн үндэсний комисс болон Монголын Эмнести Интернэшнл байгууллагад ажиллаж, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хангах асуудлаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах санаачилга гарган ажиллаж байгаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг гаргаж, УИХ-д танилцуулдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 19 илтгэл гаргасан. Үүний 13 удаагийн илтгэлд нь Монгол Улсад эрүүдэн шүүлт байсаар ирснийг дурджээ. Хүний эрхийн Үндэсний комиссын зүгээс эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслах зогсооход манай улсад эрүүдэн шүүлтийг тулгах гэмт хэргийг шалгах хараат бус механизмыг байгуулах,  прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах, иргэд олон нийт, төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байна.

Иргэн Т.Чимгээгийн ар гэрээс цар тахалтай холбоотойгоор холбоо тасарсан, биеийн байдал нь ямар байгааг мэдэх боломжгүй байгаа учир комиссын зүгээс  нөхцөл байдалтай нь очиж танилцах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ХЭҮК-ийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хаалттай хорих 401 дүгээр ангид ажиллажээ. Энэ үеэр иргэн Т.Чимгээ өөрт холбогдох хэргийг шүүхээр хурдан шийдүүлмээр байна гэдэг хүсэлтийг гаргасныг ХЭҮК-оос Улсын дээд шүүхэд уламжилжээ.

Комисст ирүүлдэг гомдлын дийлэнх хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчил байгааг хөнддөг байна. Тухайлбал, 2020 оны байдлаар эрүүдэн шүүлттэй холбоотой 47 гомдол комисст иржээ. Эдгээр гомдлыг харьяалах байгууллагуудад шилжүүлж, шийдвэрлэлтэд нь зөвлөмж, санал өгч ажилладаг байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 22.2-т “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэсэн хуулийн зохицуулалттай учир асуудалд өөр хэлбэрээр оролцох хууль эрх зүйн боломжгүй байдгийг комиссын гишүүд тайлбарлалаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 онд шинэчлэн баталсан бөгөөд үйл ажиллагааг нь өргөжүүлж, гишүүдийг тоог 5 болгон нэмэгдүүлсэн. Мөн хуулийн хүрээнд комиссын дэргэд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүнтэй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Одоогоор Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болж байгаа ганцхан жишээ нь иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой хэрэг. Монгол Улсад нэг ч иргэн эрүүдэн шүүлтэд өртөх ёсгүй. УИХ-аас хүний эрхийн хангах, хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бүхий л анхаарлаа хандуулан ажиллана. ХЭҮК хуулийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргах эрхтэй учраас олон нийтийн дунд хүлээлт байгааг анхаарах хэрэгтэй гэдгийг сануулав.

Монголын Эмнести Интернэшл байгууллага 2000 оноос эхлэх эрүүдэн шүүлтийн эсрэг кампанит ажлуудыг өрнүүлсээр ирсэн. Монгол Улсын Их Хурлаас “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-д нэгдэн орж,  2002 онд Эрүүгийн хууль тогтоомждоо энэ төрлийн гэмт хэргийг тусгасан. Мөн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хараат бус мөрдөн байцаах албыг байгуулж байсан ч татан буугдсан. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг ажиллаж байх үед буюу 2002-2012 онд 6000 орчим эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгаж байсан. Үүнээс үзвэл жилд дунджаар 60 гаруй хэрэг шийдэж байжээ. Өнөөдрийг хүртэл эрүүдэн шүүх асуудал дорвитой буураагүй нь өнгөрсөн жилийн тоон үзүүлэлтээр харагдаж байгаа юм. Тухайлбал, эрүүдэн шүүхтэй холбоотой нийт 54 гомдол гарсны зөвхөн 3 гомдлыг л хэлэлцэн шийдвэрлэсэн. Эрүүдэн шүүлтэд өртсөн хохирогчдын асуудал шийдэгдэлгүй орхигдсоор ирсэн. Эрүү шүүлт тулгасан хүмүүст хариуцлага тооцохоос гадна хохирогчийн эрхийг сэргээх үйл ажиллагааг хийх ёстой. Гэтэл манай улсад хохирогчид зөрчигдсөн эрхийг сэргээх механизм байдаггүй гэдгийг “Монголын Эмнести Интернэшл” байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хэллээ.

Эрүүдэн шүүх гэмт хэрэг нь олон нийтийн хараа хяналтаас ангид байдаг хорих, цагдан хорих, цэргийн анги, албадан саатуулах, асрамжийн төвүүд зэрэг газруудад ихэвчлэн үйлдэгддэг байна.


УИХ-аас эрүү шүүлтэд өртсөн иргэдийн асуудлаар нийтийн сонсгол хийхдээ хэд хэдэн анхаарах зүйлс байгааг ч тэрбээр хэллээ. Тухайлбал, нийтийн сонсгол хийх явцад хувийн болон төрийн нууцтай холбоотой асуудлыг зохицуулах, тухайн иргэн болон тайлбар өгөх албан хаагчдын аюулгүй байдлыг хангах зэргээр олон асуудлыг цогцоор нь зохицуулах хэрэгтэйг онцлов.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан. Иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь хүний эрхийн олон улсын конвенцуудыг зөрчсөн үйлдэл. Монгол Улс олон улсын гэрээ, конвецноор хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Иймээс УИХ-ын гишүүдийг уриалж, нийтийн сонсгол хийх асуудлыг УИХ-ын даргад уламжлахаар ажиллаж байна. Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хүний эрхийг хангах, хамгаалахад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 


  2021-03-16 18:55  502