ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2019.04.15-19/

  2019-04-22 08:54  282

 

УИХ-ын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багшийн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтыг удирдан чиглүүлэх онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав. 2019.04.15-16 http://www.parliament.mn/n/wpco

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 2019.04.15 http://www.parliament.mn/n/wico

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов. Дараа нь Өргөдлийн байнгын хорооны 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэсэн саналын томьёолол дэмжигдэв. 2019.04.16 http://www.parliament.mn/n/w7co

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.16 http://www.parliament.mn/n/ibco

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. Дараа нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн юм. 2019.04.16 http://www.parliament.mn/n/ijco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Траян Лауренцю Христеа Монгол Улсад Элчин сайдаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулаад Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн түвшинд амжилттай өргөжиж байгааг онцлов. 2019.04.16 http://www.parliament.mn/n/ifco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион хууль тогтоох дээд байгууллагын тэргүүний өндөр албан тушаалд томилогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргэв. 2019.04.16 http://www.parliament.mn/n/itco

 

Төрийн албан хаагчийн сургалтад багшлахаар бэлтгэгдсэн сургагч багш нарт батламжийг нь гардууллаа.  2019.04.16 http://www.parliament.mn/n/iico

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжив. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжив. 2019.04.17 http://www.parliament.mn/n/sbco

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Чөлөөлөх санал гаргах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.16 http://www.parliament.mn/n/sfco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус сургуулийн Гадаад харилцааны газрын дарга Владислава Юрьевна Кудашова, Эрдэм шинжилгээний номын сангийн захирал Ирина Сергеевна Минулина, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал Елена Петровна Шеметова, зохион байгуулагч Татьяна Петровна Шеметова, “Художественный” оюутны соёл-амралтын газрын захирал  Дарья Андреевна Папонова нарын зэрэг хүмүүс оролцлоо. 2019.04.17 http://www.parliament.mn/n/spco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ. Тус зөвлөлийн анхны хуралдаан болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Бодлогын зөвлөл байгуулсан зорилго, үйл ажиллагааны чиглэл, ойрын үед хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв. 2019.04.17 http://www.parliament.mn/n/sjco

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын  28-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон баталлаа. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болд нарын 6 гишүүнээс  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 2019.04.18 http://www.parliament.mn/n/zbco

 

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд боллоо. Уралдаант шалгаруулалтын Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ. 2018.04.18 http://www.parliament.mn/n/zjco

 

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг зөвшилцөж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. 2019.04.18 http://www.parliament.mn/n/zpco

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэн, дэмжлээ. 2019.04.19 http://www.parliament.mn/n/z3co

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо. 2019.04.19 http://www.parliament.mn/n/z7co

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар гишүүдэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонсов. Дараа нь Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр түр хойшлуулав. 2019.04.19 http://www.parliament.mn/n/abco

 

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 


  2019-04-22 08:30  282