Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээнд оролцлоо

  2018-10-03 14:18  1501

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Монголын багш нарын өдрийг тохиолдуулан /2018-10-2/ Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээнд оролцлоо.


 Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдгээрт 4500 шахам багш ажиллан, 40 шахам мянган залуусыг ур чадвартай үндэсний мэргэжилтэн болгох их үйлст хүчин зүтгэж байна. Монголын багш нарын 52 дахь жилийн арга хэмжээнд МСҮТ, Политехник коллежийн багш нар, УИХ, Засгийн газрын түвшний зочид, хамтран ажиллагч байгууллагынхан, ажил олгогчид, олон улсын байгууллагын төлөөлөл 500 гаруй хүн оролцов.


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нар ажил мэргэжилдээ үнэнч байж, баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтнуудыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, төлөвшүүлэх замаар эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн, цаашид ч энэхүү замнал тасрахгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Д.Гантулга, М.Оюунчимэг, Б.Ундармаа, А.Ундраа нар ажилласан билээ.

            Тус ажлын хэсэг баталсан төлөвлөгөөний дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн болон зарим мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, уулзалт хийсэн юм.

            Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ажлын хэсгээс эдгээр хуулийн хэрэгжилтийн хүрээнд яам, орон нутагт учирч буй бэрхшээлтэй газар дээр нь танилцаж ажилласны дүнд санал, дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байгааг дуулгасан.

Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчид олгодог 70 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгохоор Байнгын хорооны тогтоолд тусган саналаа хүргүүлээд байгааг онцлон тэмдэглэлээ хэмээн Нийгмийн бодлого, болосврол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.


  2018-10-03 14:18  1501